
Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг өөр хоёр хүний хамт мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр цагдан хорьсон тухай мэдээллийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эх сурвалж өглөө.
Түүнийг дээрх албан тушаалыг хашиж байхдаа ДЦС-3 ТӨХК-ийн хүчин чадлыг 50 мегаваттаар өргөтгөх төсөлд “Чингис” бондын хөрөнгөөс 35 сая ам.долларын санхүүжилт авсныхаа нэг саяыг нь завшсан гэж буруутгаж буй юм байна. Ингэхдээ эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн БНХАУ-ын Hunan industrial equipment installation гэх компанитай ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр гэрээ байгуулсан гэнэ.
Ингээд тус компанийнханд шилжүүлсэн 35 сая ам.долларын 500 мянгаас нэг сая орчмыг нь өөрийнхөө байгуулсан “Фин сервис” банк бус санхүүгийн байгууллагын дансаар буцаан авсан нь мөнгө угаасан үйлдэл байж болзошгүй гэж хууль сахиулах байгууллагынхан үзэж буй юм.
Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Д.Доржпүрэвийг мөнгө угаасан, өмч хөрөнгө завшсан үндэслэлээр ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад өөр олон зүйл гарч ирж болзошгүй. Мөрдөн байцаалт дөнгөж эхэлсэн, энэ сарын 21-ний үдээс хойш цагдан хорьсон нь үнэн” гэв.
Д.Доржпүрэв өнгөрсөн хавар УИХ-ын сонгуульд Төв аймагт нэр дэвшиж өрсөлдсөн нэгэн. 1996 онд ХОТШ банкны Эрдэнэт дэх салбарын эдийн засагч, 1997-2012 онд “Фин сервис” ББСБ-ыг байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллаж байсан, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанийн ТУЗ-ийн дарга, 2010-2012 онд БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.