
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгийг энэ сард багтаан олгохоор шийдвэрлэсэн. Ингэхдээ 60 хувьд нь буюу 660 гаруй мянган хүүхдэд мөнгө олгохоор 79.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин үлдсэн 40 хувийнх нь мөнгийг хүүгүйгээр, хугацаатай хадгаламж хэлбэрээр банкинд байрлуулж, тодорхой хугацааны дараа нөхөж олгохоор төлөвлөсөн байна. Хүүхдийн мөнгийг 2016 оны долдугаар сарын 1-нээс тооцож олгох аж.
Засгийн газрын энэ шийдвэр хүүхдийн мөнгө хүлээсэн иргэдийг төөрөгдүүлээд буй. Учир нь иргэд нийгмийн зорилтот бүлэг гэдэгт амьжиргааны ямар түвшнийг хамруулж буй, мөнгө авах хүүхдийн тоонд орсон, эсэхээ мэдэхгүй байгаа юм. Энэ талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Чимэгсүрэнгээс тодруулахад, “Хүүхдийн мөнгө олгох шинэ журам манайд ирээгүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Амьжиргааны аль ангилалд багтсан хүүхдэд мөнгө олгох гэж буй талаар ч мэдээлэл алга” гэв.
Өөр нэгэн эх сурвалжийн хэлснээр долоо, наймдугаар сарын мөнгийг бүх хүүхдэд олгож магадгүй бөгөөд есдүгээр сарынхыг шинээр баталсан журмын дагуу өгөхөөр ярьж буй гэнэ. Амьжиргааны түвшин тодорхойлох судалгааг 2012 оны өвлөөс орон даяар хийж, иргэдийг 1-20 ангилалд хуваасан. Энэ нь багагүй шүүмжлэлд өртсөн учраас дахин судалгаа авахаар ярьж байсан.
Гэвч гурван жил болоод шинэчлэх ёстой судалгааг одоо хэр эхлүүлээгүй байгаа юм. 1-10 дугаар ангилалд багтсан хүүхдүүдэд мөнгө олгоно гэсэн мэдээлэл үнэн, эсэхийг ч Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрынхан мэдэхгүй байна.