
Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх “ДЦС-3”-ын баруун хойд талын замаас Яармагийн гүүр хүртэлх 1.5 км авто замын хөдөлгөөнийг өчигдөр нээлээ. “Гудамж” төслийн хүрээнд хийсэн томоохон ажлын нэг нь энэ бөгөөд хоёр талдаа дөрвөн замын уулзвартай, 118 ширхэг гэрэлтүүлэг, иж бүрэн гэрлэн дохиотой юм байна. Мөн явган хүний замыг авто замаас тусгаарласан хашлага хийжээ. Дулааны 1020 мм-ийн диаметртэй 70 метр хос магистраль шугамыг газар доогуурх системтэй холбон дээгүүр нь авто зам тавьсан нь онцлог болжээ. Ингэхийн тулд авто замын трасст орсон агаарын шугамын 11 тулгуур, кабелуудыг шилжүүлсэн байна.
Энэ замыг Хөгжлийн банкны 6.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан бол зураг төслийг “Ар Си Эс Си” гаргаж, ерөнхий гүйцэтгэгчээр “Эрдэнэ зам” ХХК ажилласан юм. Дашрамд дурдахад, 2013 оноос хойш “Гудамж” төслийн хүрээнд нийт 33 бүтээн байгуулалт хийжээ.