
Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга хэн болох вэ гэдэг өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байх боллоо. Сүүлийн жилүүдэд зорчигч болон нүүрс тээвэрлэлтээсээ олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна хэмээн тайлагнадаг тус нийгэмлэгийн даргын суудал яагаад ингэж олны анхаарал татах болов.
Зарим хүн уг албан тушаалд очихын тулд намдаа багагүй хэмжээний хөрөнгийг хандив нэрээр өгсөн гэх мэдээлэл ч гарч байна. Транс-Монголын төмөр зам буюу Ази, Европыг холбосон хамгийн дөт зам нь манай улсаар дайран өнгөрдөг. Манай улсаар дамждаг тээврээс олж буй ашиг нэлээд өндөр байдгаас энэ вант улсыг удирдахын тулд чамгүй хөрөнгө хаяж буй гэнэ.
“Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Олег Белозёров саяхан манай улсад зочилж, Ерөнхий сайдтай уулзаад явсан. Ингэхдээ төмөр замаар тээвэрлэдэг ачааны хэмжээг нэмэгдүүлэх, транзит тээврийг өсгөх талаар ярилцсан. “Улаанбаатар төмөр зам”-ын зарим эх сурвалжийн өгүүлснээр энэ удаа тус нийгэмлэгийн даргыг ОХУ-аас томилохоор хойд хөрш санал гаргасан гэх.
Харин манай төмөр замчид монгол хүн удирдах нь зөв гэж буй юм. Гэхдээ хэн нэгний халаасны, шахааны хүн орж ирэхийг ихэд эсэргүүцэн, энэ салбартаа элэгтэй, ажлаа мэддэг хүнийг томилоосой, Л.Пүрэвбаатарыг хурдхан өөрчлөөсэй гэж ярилцаж байна.
Төмөр замд насаараа ажилласан Л.Халтарыг энэ нийгэмлэгийн даргын суудалд зүтгүүлж буй. Түүнийг Хөдөлмөрийн баатар Р.Раш тэргүүтэй МАН-ын нөлөө бүхий хүмүүс санал болгож байгаа аж. Л.Халтарын тухайд хувьдаа тээвэр зуучийн компанитай. Төмөр замын ачигчаас ажлын гараагаа эхлүүлж байсан болохоор салбараа сайн мэднэ гэж олон хүн ам сайтай байгаа юм.
Р.Рашийг тус нийгэмлэгийн даргаар ажиллаж байхад тээвэр зуучийн албаных нь дарга байсан, салбартаа ч нэр хүнд сайтай хүн. Нэг бус удаа унаж босож явсан, ажлаасаа чөлөөлөгдөж, “лааз өшиглөж” байсан ч шүүхийн шийдвэрээр эргэн орсон аж. Л.Халтарыг аливаа шийдвэр гаргахдаа долоо хэмжиж нэг огтолдог гэх юм билээ. Энэ албан тушаалд очихын тулд тэрбээр МАН-д багагүй хэмжээний мөнгө хандивласан гэх “бор шувуу” ч жирийн ажилчдынх нь дунд нисэж байна.
Л.Халтараас гадна бас л мэргэжлийн төмөр замчин Д.Жигжиднямаагийн нэр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ажиллагсдын дунд сонсогдож байна. Түүнийг дарга болоосой, хүн чанарын хувьд их сайн хүн хэмээн ам сайтай байх олон хүнтэй таарав. Д.Жигжиднямаа аливаа шийдвэр гаргахдаа эрс шулуун гэнэ. Түүнийг зүтгүүлж буй хүн нь УИХ-ын гишүүн, “Дорнын говь”, “Болд төмөр Ерөө гол” компанийн эзэн Б.Дэлгэрсайхан.
Намдаа оруулсан хандиваараа тэрбээр нэлээд нөлөөтэй байгаа бололтой. БСШУС-ын сайд гэх зэрэг цөөнгүй албан тушаалд өөрийнхөө хүнийг томилуулж дөнгөсөн. Тиймдээ ч Д.Жигжиднямааг дээрх албан тушаалд томилохын тулд хандив болгож 500 сая төгрөг тушаасан, оффшор бүсэд бүртгэлтэй “Ийст Вайнд” (East Wind) гэх компанитай холбоотой гэх мэдээлэл зарим цахим хуудсанд гарч байна.
“Улаанбаатар төмөр зам”-ын дарга болохын тулд МАН-д нэг сая ам.доллар өгсөн хэмээн Хан-Уул дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Д.Загджавын тухай мэдээллийг зарим хэрэгсэл нийтэлж эхэллээ. Түүнийг дээрх албан тушаалаас гадна АМГТГ-ын дэд дарга болох гэж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн сард гарсан ч чимээгүй болсон.
Цагтаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хүн гэгдэж явсан Д.Загджавыг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тэргүүтэй залуус дэмжиж байгаа гэх яриа бий. Харин төмөр замчид “Манай салбарыг огт мэдэхгүй, намын шахааны хүн ирвэл энэ салбар өөдөө нар үзэхгүй. АН-ын үед тавьсан хоёр дарга “Улаанбаатар төмөр зам”-ыг хөгжүүлж, өргөжүүлж чадаагүй. Мэргэжлийн бус хүн ирвэл бүр ч долоон дор болно” хэмээн бухимдаж байна.
Дээрх гурван хүнээс гадна Пүрэвсүрэн гэх эмэгтэй дарга болохоор хөөцөлдөж байгаад нэрээ татсан сурагтай.