
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Батсүх, дэд дарга Ж.Буянбат, Ц.Ням-Очир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Тэдний оронд тэргүүн дэд даргаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан, хурандаа П.Батбаатар, дэд даргад Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга асан, туслах комиссар Ч.Болдбаатар, Нийгмийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын I газрын дарга, хурандаа М.Лувсандорж нарыг томилжээ.
Шинээр томилогдсон алба хаагчид бүгд л цагдаагийн анхан шатны нэгжээс нь эхэлж, тасаг, хэлтэс, газрын даргаар ажиллаад үзсэн хүмүүс.
П.Батбаатар гэхэд ажлын гараагаа Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс эхэлж, Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газрын Хулгайн, Байгаль орчны, Эдийн засгийн гээд нэлээд олон хэлтсийн даргаар ажилласан туршлагатай. Мөн газрын болон ЗЦГ-ын дэд даргаар ч томилогдон ажиллаж байсан мөрдөгч юм.
Ч.Болдбаатарын хувьд Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлсэн. 1996-2001 онд Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Дундговь аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, дарга, Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн газрын дэд бөгөөд нэгдүгээр хэлтсийн дарга, 2012 оны есдүгээр сараас нийслэлийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Хэв журам хамгаалах газрын дарга, 2014 оны хоёрдугаар сараас нийслэлийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Дэмжлэг үзүүлэх газрын дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан. Түүний аав Ж.Чойжанцан нь Улсын ерөнхий прокурорын орлогч, ШШГЕГ-ын дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан шилдэг хуульчдын нэг юм.
М.Лувсандорж бүх сургуулиудаа онц дүнтэй, Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгссөн, цагдаагийн байгууллагад анхан шатнаас нь эхэлж ажилласан. ЗЦГ-ын Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, НХЖХГ-ын Бодлого зохицуулалтын хэлтэс, Хамгаалалтын газрын дарга зэрэг албан тушаалд ажилласан.
Анхан шатанд ажиллаж байхдаа “90 саяын” гэгдэх Б.Гансүх, “рецидив” гэгдэх Дэлгэрбат нар шоронгоос оргож, хүн барьцаалж байсан хэрэг, Зурагтын эцэст 1990-ээд оны сүүл үед гарсан эзэнгүй, хүний амь үрэгдсэн авто ослын олон гэмт хэргийг илрүүлж байсан нэгэн аж. Цагдаагийн алба хаагчид, зарим прокурор цагдаагийн байгууллагад энэ удаа зөв томилгоо хийлээ хэмээн ярьж буй юм.
Шинээр томилогдсон дарга нар өнөөдөр 09.00 цагт ажлаа хүлээн авах талаар эх сурвалжууд мэдээлэв.