
Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхийн өрсөлдөх чадварын тайланг жил бүрийн есдүгээр сард танилцуулдаг. Нээлттэй нийгэм форумаас өчигдөр танилцуулсан дээрх судалгаанд дурдсанаар Монгол Улс авбал зохих онооноос 3.8-ыг авчээ.
Улмаар судалгаанд хамрагдсан 138 орноос 102 дугаарт жагссан байна. Эргэн сануулахад, өнгөрсөн онд авбал зохих долоон онооноос мөн л 3.8-ыг авч 140 орноос 104 дүгээрт эрэмбэлэгдэж байв. Өөрөөр хэлбэл, 2016-2017 оны дээрх тайлангаас харахад манай улсын өрсөлдөх чадварт ахиц гараагүй аж. Өрсөлдөх чадварыг тодорхойлогч 12 тулгуур үзүүлэлтээс манай улс дөрөвт нь бага зэрэг ахиц гаргажээ.
Өнгөрсөн онтой харьцуулахад санхүүгийн зах зээлийн хөгжил, технологийн бэлэн байдал, дээд боловсрол ба мэргэжлийн сургалт тус бүр 0.1, макро эдийн засгийн орчны үзүүлэлт 0.4 хувиар өссөн аж. Харин бизнесийн боловсронгуй байдал, бараа бүтээгдэхүүний болон хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал тус бүр 0.2, институциудийн чанар 0.1 хувиар буурчээ.
12 үзүүлэлтээс дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжил, инновац, бизнесийн боловсронгуй байдал зэрэг таван үзүүлэлтээр авбал зохих онооны 50 хувьд ч хүрээгүй аж.
Дашрамд дурдахад, өрсөлдөх чадварын индекс нь тухайн улсын хүрч чадах хөгжлийн түвшнийг тодорхойлдог эдийн засгийн бүтээмжид нөлөөлөгч хүчин зүйлүүдийн үнэлгээнд үндэслэдэг байна. Манай улс 2005 онд уг тайланд нэгдсэнээр өрсөлдөх чадварын түвшнээ 140 гаруй оронтой харьцуулах боломж бүрдэж байжээ.