
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас аймгийн улсын бүртгэлийн удирдах албан хаагчдад зориулсан сургалт Эрүүл мэндийн яамны хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Уг сургалтад оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлага, газар, хэлтсийн дарга нар болон аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга, хяналтын байцаагч, улсын ахлах бүртгэгч нар оролцож байгаа юм. Сургалт 2 өдрийн турш үргэлжлэх аж.
Өнөөдөр оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үндсэн чиг үүрэг, зорилго, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар болон эд хөрөнгийн, иргэний, хуулийн этгээдийн, оюуны өмчийн бүртгэлүүд нь хоорондоо хэрхэн уялдаа холбоотойгоор цаашид хамтран ажиллах талаарх сургалтыг явуулж байгаа бол маргааш удахгүй болох гэж буй сонгуультай холбогдуулан түүний хуулийн хэрэгжилтийн талаарх сургалтыг тус тус зохион байгуулах юм.
Оюуны өмчийн бүртгэл улсын бүртгэлийн газартай хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга Д.Дэлгэрсайхан хэлэхдээ "Оюуны өмч нь тухайн улс орны эдийн засагт маш чухал асуудал байдаг. Эд хөрөнгийн, иргэний, хуулийн этгээд болон оюуны өмчийн бүртгэлүүд нь хоорондоо маш их уялдаа холбоотойгоор ажиллах болно. Ингэснээр оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь оюуны өмчийг бүртгээд, үүнтэй холбоотой инновацийг дэмжих, оюуны өмчийг эргэлтэд оруулах үүргүүдийг хүлээсэн байгууллага болж байгаа юм. Тийм ч учраас бид нар энэхүү сургалтаар бүх хариуцсан газрын дарга нарт илтгэл тавьж, өөр хоорондоо хэрхэн, яаж уялдуулж ажиллах талаар сургалт семинарыг зохион байгуулаад байна. эхний удаад бид байгууллага салбарынхаа хэмжээнд энэ асуудлыг ярьж байна. Дараагийн удаа бид бусад байгууллагуудтай хамтран ажиллах болно" гэлээ.