
Монгол Улсын Засгийн газраас 10 дугаар сарын 15-ны өдрийг "Хүний нөөц өдөр" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан “HR” клубээс санаачлан өнөөдөр Сүхбаатарын талбайд хүний нөөцийн ажилтны нээлттэй ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулаад байна.
Тус өдөрлөгийн талаар “HR” клубийн гишүүн, Taiyo town компаний захиргаа, хүний нөөцийн менежер Э.Чойсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Өнөөдөр зохион байгуулагдсан хүний нөөцийн ажилтны нээлттэй өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй яривал?
-"Хүний нөөцийн ажилтны өдөр"-ийг анх удаа тэмдэглэх гэж буйтай холбогдуулан "HR" клубийн зүгээс хэд хэдэн ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Үүний нэг нь ажил нь өнөөдөр зохион байгуулагдсан нээлттэй ажлын байрны өдөрлөг юм. Сүүлийн үед ажилгүйдэл маш их болж байгаа. Тийм учраас энэхүү өдөрлөгт ирээд нэг хүн ч гэсэн ажлын байртай болж амьдрал нь баталгаатай болгохыг гол зорилгоо болгож энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт нийт 20 гаруй байгууллагууд оролцсон бөгөөд тэдгээр байгууллагууд нь өөрийгөө сурталчлан танилцуулахаас гадна, нээлттэй байгаа ажлын байрандаа шууд анкет бөглөн бүрдүүлэлт хийлээ.
Мөн түүнчлэн хүний нөөцийн менежментийн чиглэлээр мэргэшсэн зөвлөхүүд зөвлөгөө өгч ажиллалаа. Ажил горилогчид анкетаа бөглөх, ярилцлагад орохдоо маш том алдаануудыг гаргадаг. Тиймээс HR клубийн зүгээс ажил горилогчдын энэ алдаа дутагдлыг хэрхэн яаж залруулах уу, анкетыг хэрхэн яаж бөглөх, ярилцлагыг хэрхэн яаж өгөх ёстой юм, юу нь дээр анхаарах хэрэгтэй вэ, хувцаслалтадаа анхаарах хэрэгтэй юу зэрэг өөрийн дутагдалтай талуудыг хэрхэн яаж шийдэх, хэрхэн зөв ойлгуулах тал дээр үнэгүй зөвлөгөө өгч ажилласан.
-Танай клубийн зүгээс өөр ямар ямар үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Монголын хүний нөөцийн ажилтны баярыг угтан Хөдөлмөрийн яамны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч, үйлдвэрчний холбооны ерөнхийлөгч, Монголын хүний нөөцийн чиглэлээр мэргэшсэн залуучуудыг бэлддэг их дээд сургуулийн төлөөлөл болон академик сургалтын төвийн удирдлагууд хамтран "Монголын хүний нөөцийн ирээдүйн чиг хандлага" сэдвийн дор хэлэлцүүлэг хийнэ. Тэрхүү хэлэлцүүлэгээр маш том үр дүн гарна гэсэн хүлээлт бий. Өнөөдөр Монголд хүний нөөц гэдэг мэргэжлийг хүн болгон мэддэггүй. Тэрхүү мэргэжлийг боловсон хүчин эсвэл хүн халдаг авдаг хүн гэх мэтээр ойлгодог. Гэтэл байгууллагын тогтвортой үйл ажиллагааны үндэс нь хүний нөөц байдаг. Ганц байгууллагын гэхгүй улс орны хөгжилд зайлшгүй хүний нөөц маш чухал. Тийм учраас төрийн байгууллагад ч гэсэн мэргэшсэн мэргэжлийн хүний нөөцөөр боловсон хүчнээ бэлдүүлэх юм бол илүү үр дүнтэй байдаг. Монголд ихэвчлэн мэргэшсэн бус хүний нөөцүүд байдгаараа төрийн байгууллагууд алдаа дутагдал гаргадаг.
-Танай клубээс зохион байгуулж буй арга хэмжээг бусад байгууллагууд хир их дэмжин ажиллаж байна вэ?
-Мэдээж олон байгууллагууд дэмжин ажиллаж байна. Сүүлийн үед компаниуд хүний нөөц маш чухал гэдгийг ойлгодог болсон. Тийм учраас цаашдаа ч илүү олон байгууллагуудтай хамтран ажиллана.