
Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х.Түмэнбаяр бусдаас 500 сая төгрөг хахуульд авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс нэлээн удаан шалгасан билээ. Мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн ч Өмнөговь аймгийн прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Өмнөговь аймгийн ИТХ-ын даргын албан тушаалд хүртэл заларч явсан Х.Түмэнбаяр “Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байхдаа “Эрдэнэт цэцийн хайрхан” гэх компанийн захирал С.Амгалангаас 500 сая төгрөг авлигад авсан хэрэгт холбогдон шалгуулсан юм. Компанийн үйл ажиллагаа явуулж буй талбайн хөрсийг хуулах, нүүрс худалдан авч борлуулах ажлыг нь хэвийн явуулна гэж амлан, дээрх мөнгийг хамтран амьдрагч С-ийнхээ нэгэн банкин дахь дансаар шилжүүлэн авсан нь шалгалтаар тогтоогдсон аж.
Х.Түмэнбаярыг дээрх хэргээс гадна татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр шалгасан юм. Тэрбээр “Тавантолгой” ХК-ийн захирлын албыг хашиж байхдаа компанийнхаа хашаанд хувийнхаа ил шатахуун түгээгүүр ажиллуулж байсан гэнэ. Үүний орлогоос татвар төлөөгүй бөгөөд нэг тэрбум 225 сая орчим төгрөгийн зөрчилд ногдох 122 сая төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийсэн аж.
АТГ-ынхан энэ хэргийг шалгах явцдаа Х.Түмэнбаярын эд зүйл, банкны дансыг битүүмжлэн, бусдаас онц их хэмжээний хахууль авсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлсэн байж. Харамсалтай нь, тус аймгийн прокурорынхонд нь нутаг нуга, аймгийн удирдах албан тушаалд ажиллаж байсан зэрэг нь нөлөөлсөн үү, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Хээл хахууль өгсөн, авсан нь тодорхой, хэрэг үйлдэл нь илэрхий ийм хэргийг үндэслэлгүйгээр хэрэгссэнгүй.
Үүнээс гадна усан оргилуурын цахилгаанд цохиулж нас барсан хоёр хүүхдийн үхэлд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн МҮ-011943 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд овоолго байгуулсан, хулгайгаар нүүрс олборлон, улсад 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх зэрэг хэд хэдэн хэрэгт түүний нэр сонсогдож байсан билээ.Улсын ерөнхий прокурорын газрынхан хэрэгсэхгүй болгосон, зүйлчлэлийг нь өөрчлөн шийдвэрлэсэн хэргүүдийг нягталж буй гэсэн. Энэ хэргийг анхааралдаа авч сэргээн шалгахад буруудахгүй л болов уу.