
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүхээс хүүхэд харах үйлчилгээний талаар тодрууллаа.
-Хүүхэд харах үйлчилгээг зогсоож байгаа гэдэг үнэн үү?
-Он дуустал үргэлжилнэ.
-Яагаад энэ үйлчилгээг зогсоож байгаа юм бэ. Цэцэрлэгт орж чадаагүй олон хүүхэд гэртээ цоожлогдох, хараа хяналтгүй үлдэхээс сэргийлсэн чухал ажил байсан шүү дээ.
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах 290.262 хүүхэд байгаагийн 225.388 нь цэцэрлэгт байна. Цэцэрлэгийн ачааллыг багасгах зорилгоор Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг яаран гаргаж мөрдүүлсэн.
Угтаа бол хүүхэд харагч нарыг сургах, хүүхэд байлгах байрыг стандартын дагуу байгуулах зэрэг олон асуудлыг энд орхигдуулсан. Энэ оны есөн сарын байдлаар 1305 хүн тус үйлчилгээг эрхлэн 6353 хүүхэд харж байна.
-Тэгэхээр Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль учир дутагдалтай болсон учраас энэ үйлчилгээг зогсоохоор шийдвэрлэсэн гэсэн үг үү?
-Энэ хууль нэршил талаасаа учир дутагдалтай байгаа юм. Хүүхдийг харах бус, хөгжүүлж, боловсруулж, сургах ёстой биз дээ. Гэтэл хүүхэд харах үйлчилгээнийхэн ямар шаардлагад нийцэж байгаа, энд тавих хяналт шалгалт бий юү гээд энэ нь цаанаа эрсдэл дагуулж буй юм. Нэг гараараа аварч байгаа юм шиг хэрнээ нөгөөхөөрөө сөнөөж таарахгүй.
Энэ бол 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө яаран хийсэн ажил. Төрийн бодлого, шийдвэрийг дэмжээд хүүхэд харах үйлчилгээнд бэлтгэн, орон байраа өргөтгөж, засвар хийсэн олон хүн бий.
Тиймээс энэ байдлыг харгалзан үзэж, Засгийн газраас хүүхэд харах үйлчилгээг он дуустал явуулахаар ажиллаж байна. Гэхдээ нэг ч хүүхдийг нэмж бүртгэхгүй, яг одоогийн үйл ажиллагаагаар нь он дуустал хэрэгжүүлнэ.
-2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 6353 хүүхэд хараа хяналтгүй, 1305 хүн ажилгүй болох нь ээ. Үүнийг яаж шийдвэрлэх юм бэ?
-Засгийн газраас “Цалинтай ээж” хөтөлбөрийг дэмжиж байгаа. Хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүртэл ээжтэйгээ хоол тэжээлийн дутагдалгүй, эсэн мэнд өсөн торних боломж олгох юм.
Энэ хөтөлбөр нь хүнийг хүн болгох концепц талаасаа илүү оновчтой гэж үзэж байгаа. Мөн “Байгууллагын цэцэрлэг” хөтөлбөрийг дэмжиж байна. Энэ хүрээнд манай байгууллага ч шинэ оноос өмнө цэцэрлэгтэй болохоор ажиллаж байгаа.