
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ сарын 8-ны бямба гаригт тохиож буй. Энэ өдөр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран, Толгойтоос Амгалан өртөө хүртэлх хамгаалалтын 17 км зурваст, төмөр замын хоёр талаар мод тарина.
Энд Сибирийн 3.5-4 м өндөртэй 8000 улиас суулгах юм байна. Түүнийг арчлан ургуулах ажлыг мод үржүүлгийн газруудад хариуцуулжээ. Ингээд зогсохгүй, ирэх дөрвөн жилийн хугацаанд Налайхаас Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон буюу 61-ийн гарам хүртэлх төмөр замын хамгаалалтын торон хашаан дотор хайлаас, улиас тарихаар төлөвлөсөн байна.
Залуучуудын хөдөлмөрийн төв биржийнхэн энэ өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг Дарь-Эхэд шинээр байгуулж буй 132 дугаар бага сургуулийн хашаанд мод тарин, нэрэмжит төгөл байгуулахаар зэхэж байна. 180 сурагч хичээллэх хүчин чадалтай тус сургуулийг Цагаан давааны хогийн цэгийн баруун талд 3701 ам метр газарт байгуулж буй. Тиймээс сургуулийн эргэн тойрныг ногоон бүс болгох нь багш, сурагчдын эрүүл мэндэд тустайгаас гадна багачуудад экологийн боловсрол олгоход хэрэгтэй гэж залуус үзжээ.