
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдэд хүнд сурталгүй, хүртээмжтэй төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас "Төрийн түгжрэлгүй үйлчилгээ" төслийн хүрээнд иргэдэд үйлчлэх "Төрийн үйлчилгээний цахим машин" буюу "ТҮЦ машин"-ыг ашиглалтад оруулсан.
Тэгвэл өнөөдөр "ТҮЦ" машиныг татан буулгаж байна гэх мэдээлэл цахим орчинд нэлээд тараад буй. Учир нь нэгэн хэрэглэгч "ТҮЦ машинаас лавлагаа авах гэж очтол хороололд өмнө нь байсан газруудад бүгд байхгүй болжээ. Байгаа ганц нь бөөн оочер" хэмээн твиттер хуудаснаа бичсэн аж.
Энэ талаар Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас тодруулахад "ТҮЦ машиныг татан буулгаагүй. Татан буулгах шийдвэр ч гараагүй. Өмнө нь ачаалал ихтэй газруудын ачааллыг бууруулах зорилгоор ТҮЦ машинуудыг шилжүүлж байсан ч ойрын хугацаанд ийм зохицуулалт хийгдээгүй.
Харин цахим хуудсаар тараад буй тус зургийн хувьд өнөөдөр зохион байгуулагдаж буй мэдээллийн технологийн “GovTech” чуулга уулзалтад оролцохоор "Үндэсний дата" төв нэг ТҮЦ машинаа авчирсан. Чуулга уулзалт дуусахаар буцаагаад байранд нь тавина" гэсэн юм.
ТУЦ машинаас лавлагаа авах гэж хороололд өмнө нь бсан газруудад очоод бүгд бхгүй болжээ бгаа ганц нь бөөн очёр АН хийсэн бүхнийг арчиж буй pic.twitter.com/jAsNVwyrmO
— Jargalsaikhan MD (@D_Jaraa) October 6, 2016