
Одоогоос 13 жилийн өмнө сэтгэлзүйч С.Баасанбаттай уулзаж, хүний амиа хорлож буй шалтгааны талаар ярилцаж байхад “Монголчууд сэтгэл гутралын үедээ явж байна” хэмээсэн удаатай. Төр, нийгмийн байдалтай эвлэрэхгүй, эцэстээ үхэл нь төрд дуу хоолойгоо хүргэж чадах сүүлчийн арга хэлбэр гэж үзсэн, үүнээс өөр аргагүй гэж сэтгэл нь гутарсан хүмүүс амиа хорлох оролдого хийхэд хүрч байгаа бололтой. Ийм хоёр тохиолдлын талаар хүргэе.
ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХӨРӨНГӨӨС ЗАВШИГЧДЫН ЗОЛИОС
“Монголын төмөр зам” компанийг удирдаж байсан Б.Батзаяа тэргүүтэй хүнд холбогдох дуулиан шуугиантай хэргийг хууль хяналтын байгууллагынхан өнөөдөр ч шалгасаар л байна. Төрийн, татвар төлөгчдийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, угаасан хэрэгт холбогдсон тэдгээр хүний золиос болсон “Кэй Эйч Эн Ар” компанийн захирал З.Баасандорж 2013 оны арваннэгдүгээр сарын 5-нд Баянзүрх дүүргийн нутагт машиндаа амиа хорлохыг завдсан юм.
Сайншанд-Сүхбаатар чиглэлд төмөр зам барих ажилд оролцох санал тухайн үеийн УИХ, Засгийн газрын гишүүн асан Х.Баттулга тавьсныг нь З.Баасандорж зөвшөөрөхөд “Эхний ээлжинд өөрсдийнхөө хөрөнгөөр ажлаа эхлүүлчих, санхүүжилт нь тун удахгүй орно” хэмээсээр хоног хугацаа өнгөрөөх болсон аж.
Төрийн түшээ, сайд Х.Баттулга, А.Гансүх нарын үгэнд итгэсэн А.Баасандорж 50 км замын хөрс хуулах ажлыг хүмүүсээс зээл авч хийж дуусгажээ. Машин техникийн түрээс, түлш, шатахууны зардал гээд асар их өрөнд орсон тэрбээр эцэстээ тухайн үеийн Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга нарын хүнд хандан гэрээслэл бичсэн байгаа юм.
Түүндээ “Хийсэн ажил нь тодорхой, төрөөс санхүүжилтийг нь олго гээд байхад өөрсдийн хар толгойг бодож, бидний хийсэн ажил, гүйцэтгэлийн мөнгийг олгоогүй одоогийн ХХААЯ-ны сайд Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх нар миний ар гэр, үр хүүхэд, надад мөнгөө зээлүүлж хохирсон ах дүү нар, найз нөхдийн өмнө хариуцлага хүлээж, энэ олон хүнийг хохиролгүй болгож өгөх ёстой. Цаашид би олон зүйл хийх санаа байсан ч олон хүнд өглөгтэй учраас ажил явуулах боломжгүй, нэр хүнд минь унасан тул өөрийнхөөрөө арга хэмжээ авахаар шийдлээ” гэсэн байдаг.
Түүнийг ийм байдалд хүрсэнд хамтран бизнес эрхэлж байсан хүмүүс ч буруутай хэмээн сүүлд нь мөрдөн байцаалтдаа З.Баасандорж ярьсан байгаа юм. “2011 оны тавдугаар сараас 2013 оны арваннэгдүгээр сар хүртэлх хоёр жил зургаан сарын хугацаанд Засгийн газраас бидэнд огт төлбөр төлөөгүй, намайг их хэмжээний өрөнд орсныг манай дэд захирлаар ажиллаж байсан Б.Мөнхбат сайн мэдэж байсан атлаа дарамталсаар өдийг хүрсэн.
Бусдад төлөх төлбөр маань дөрвөн тэрбум, авлага маань зургаан тэрбум, өөрөөр хэлбэл ашиг хоёр тэрбум төгрөг болж байгаа юм. Үүнд шунаж, компанийг минь авахын тулд амь насыг минь ч хөнөөхөөс буцахгүй байна. Мөнхбат болон түүний эхнэрийн дүү Бямбажаргал нар “Компаниа өг, тэгэхгүй бол чамайг ална шүү” гэж заналхийлж байсан учраас амиа хорлохоос өөр арга зам үлдээгүй” гэж мэдүүлжээ.
“Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ” гэгчээр “Кэй Эйч Эн Ар” компанийн захирал З.Баасандоржийн амиа хорлохыг завдсан үйлдэлд татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулсан хэрэгт холбогдон шалгуулж буй төрийн түшээд анхнаасаа урин залаагүй байсан бол тэр дөрвөн тэрбумын өрөнд орж, эцэстээ амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байсан нь лавтай.
ПРОКУРОРУУДЫН БУРУУГААС ХЭРГИЙН ХОХИРОГЧ АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ялбагийн голын Хуст нарийн гэх газарт “Баян суут” компани ямар ч зөвшөөрөлгүй алт олборлож, гол, горхийг орвонгоор нь эргүүлсэн талаар одоогоос яг нэг жилийн өмнө газар дээрээс нь сурвалжилж хүргэсэн билээ. Тус компанийн захирал Ц.Баярцогт, хамтран бизнес эрхлэгч О.Зоригтбаатар, Д.Ууганбаатар нарт хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад хууль бусаар алт олборлосон, иргэн Д.Батбаяраас 115 сая төгрөгийг залилан мэхэлж авсан нь холбогджээ.
Ингэхдээ иргэн Д.Батбаярт “Лицензтэй талбай байгаа” хэмээн итгүүлэн мөнгийг нь гаргуулсан аж. Гэвч Нийслэлийн прокурорын хяналтын прокурор Ш.Нямдорж, Ж.Сандагсүрэн нар хэргийг хэрэгсэхгүй болгох, Өршөөлийн хуульд хамруулах замаар хохирогч Д.Батбаярыг “хохирсон дээрээ нэмж хохир” гээд хаясанд гомдолтой байдаг аж.
Ш.Нямдоржийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд “Ц.Батбаяр, О.Зоригтбаатар, Д.Ууганбаатар нар бүлэглэн Д.Батбаярыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар шалгагдсан дээрх гурван хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай” гэжээ. Харин хууль бусаар алт олборлож, байгаль орчинд хохирол учруулсан үйлдлээ Ц.Баярцогт хүлээн зөвшөөрч “Хохирлоо төлнө” хэмээснээр 2015 онд батлагдсан Өршөөлийн хуульд хамрагджээ.
Гэвч өнөөдөр байгаль орчинд олон сая төгрөгийн хохирол учруулж хууль бусаар алт олборлосон Ц.Баярцогт хохирлоо төлсөн, эсэх нь эргэлзээтэй. Манай хуулийн цоорхой, Үндсэн хуультай зөрчилдсөн Эрүүгийн байцаан шийтгэх хууль зэргээс үүдэлтэйгээр Монголд өнөөдөр шүүхээс гадна прокурор хэмээх хүний гэм буруутай, эсэхийг тогтоодог байгууллагатай болчихоод байгаа билээ.
Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасан атал прокурорууд эх хуультай зөрчилдсөн хуулийн зүйл заалтыг мөрдлөг болгож, олон хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа.
Үүний тод жишээ нь дээр дурдсан Ц.Баярцогт нарт холбогдох байгаль орчинд хохирол учруулж алт олборлосон хэрэг. Прокурор, төрийн бусад байгууллага (дээрх тохиолдолд БОАЖЯ)-ынхан хохирлыг нь нэхэмжилдэггүйгээс юу ч төлөгдөхгүй байгаа гээд хэлчихэд буруудахгүй биз.
Прокурорууд ийнхүү Үндсэн хуулиас дээгүүр эрх эдэлсэнд хохирогч Д.Батбаяр гомдолтой үлдэж, их хэмжээний өрөнд орсон учраас энэ оны наймдугаар сарын 10-нд гэрээслэл бичин амиа хорлохыг завдсан байна. Тэрбээр “Ц.Баярцогт, О.Зоригтбаатар, Д.Ууганбаатар нараас болж маш их өрөнд орж, өөрийн болон ах дүүгийнхээ байрыг барьцаанд тавьж алдсан.
Сар бүр ах дүү, найз нөхдийнхөө байрны хүүг төлөх гэж танил талаасаа мөнгө гуйсаар эцэстээ нааш харах хүнгүй боллоо. Өөрсдөө ч түрээсийн байрнаасаа хөөгдөв. Энэ хэргийг шийдвэрлүүлэхээр НПГ-ын хяналтын прокурор (одоо хэлтсийн дарга) Ж.Сандагсүрэн, Ш.Нямдорж нарт олон удаа хандсан боловч дээрх луйварчдыг цээжээрээ хамгаалан хууль бус ажиллагааг нь дэмжиж, хуулийг гуйвуулан мөнгөтэй хүний талд орж буйд миний дургүй хүрч байна.
Амьд явах хүсэл үгүй боллоо. Миний амь насыг дээрх хоёр прокуророос нэхэмжлээрэй” гэсэн байна. Төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд, хуулийг гууль болгодог нөхдөөс болж энэ мэтээр олон хүн амиа хорлох оролдлого гаргахыг үгүйсгэхгүй. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх Үндсэн хуулийн зарчимаа баримталж, ямар ч хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, гэм буруутай, эсэхийг нь тогтоолгодог болох нь чухал биш гэж үү.