
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, БНХАУ-ын ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан нарийн бичиг Лю Жиэфэн нар мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах төслийн ТЭЗҮ-ийн судалгааны протоколд өчигдөр гарын үсэг зурлаа.
Монголд төдийгүй дэлхийд ховордоод буй мазаалайг хамгаалах зорилго бүхий уг төслийг хэрэгжүүлэх саналыг манай Засгийн газар БНХАУ-д тавьсан аж. Энэ хүрээнд тус улсын байгаль орчны салбарын есөн мэргэжилтэн өнгөрсөн сарын 28-наас Говийн их дархан цаазат газарт ажиллаж, уг амьтны амьдрах орчныг хэрхэн сайжруулах талаар судалжээ.
БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Манай улсад 28 үлдээд буй мазаалайг хамгаалах үйлсэд энэ судалгаа чухал үүрэгтэй” гэсэн бол Монгол Улс дахь Хятадын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндун “Мазаалай бол Монголын эрдэнэ. Түүнийг хамгаалах нь туйлын чухал. Гэвч мазаалайн амьдрах орчин хүнд нөхцөлд байгаа тул өсгөн үржүүлэхэд бэрхшээл тулгарч байгаа.
Тиймээс Монголын талаас тавьсан мазаалай хамгаалах төслийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно” гэв. БНХАУ-аас ирсэн судалгааны баг тун удахгүй төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, шаардлагатай хөрөнгийн хэмжээг тогтоох аж.