
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай Засгийн газрын 100 хоногийг угтуулан, хэвлэлийн бага хурал хийж өөрийн хийсэн хараат бус тайлангаа танилцууллаа.
Тэрбээр “Засгийн газрын 100 онцлох үйл явдалд сайн сайхныг танилцуулдаг хэдий ч харамсалтай нь өнөөдөр сайн сайхан зүйл алга. Засгийн газрыг удирдах баг бүрдүүлэлтэд цэвэр ах дүү, амраг садны багийг бүрдүүлж байна. Бидний судалгаагаар удирдах албан тушаалд томилогдсон нийт албан тушаалтны 70 орчим хувь нь Улсын их хурлын гишүүн болон Монгол ардын намын даргын нартай ямар нэг садан төрлийн холбоотойгоор энэ албанд тушаалд томилогдсон гэсэн дүн гарсан.
Энэ бол жирийн ард иргэдэд өсөж дэвжих, албан тушаал ахих боломж ирэх дөрвөн жилд байхгүй гэдгийг харуулж байна. Мөн Засгийн газрын хуралдаан бүрийн тэмдэглэлүүдтэй танилцсан. Яг одоо ийм ажил хийлээ гэсэн зүйл болоогүй. Нэг удаагийн Засгийн газрын хуралдаан дээр дунджаар 2.3-аас гурван ажлыг зогсоосон гэсэн судалгаа гарч байна” гэв.
Тэрбээр үргэжлүүлэн 100 хоногийн дотор бүх зүйл сайхан болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ 100 хоногийн дотор зөв зүг чигт чиглүүлж болдог уу гэвэл болдог. Монголын ард түмэн ч гэсэн үүнийг хүлээж байсан байх. Гэвч харамсалтай нь ийм зүйл болсонгүй. Хамгийн сүүлд албан тушаалтны гэмт хэрэг, авлигал гэдэг шүдний өвчин болсон зүйлийг арилгахын тулд яаж тэмцэх талаар ямар ч бичиг баримт гарсангүй. Мөн өнөөдрийн эдийн засгийн хямралыг хэрхэн даван туулах тухай төлөвлөгөөгөө энэ 100 хоногийн хугацаанд гаргаж чадсангүй.
Түүний тайлан гурван хэсгээс бүрдэж байгаа аж.
1.Засгийн газрын томилгоо
Улсын их хурлын дарга, Монгол ардын намын дарга М.Энхболдын хүү Э.Анар нь Монголбанкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирлаар томилогдов.
Улсын их хурлын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайдаар томилогдсон зэрэг төрөл садны холбоотой 20 жагсаалт гаргажээ.
2.Засгийн газрын хийсэн ажлууд
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг зогсоов
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зогсоов
Хүүхдийн мөнгийг зогсоов
Оюутны 70000 төгрөгийн тэтгэлгийг зогсоов
Хамтын тэтгэвэрийн тухай хуулийг зогсоов гэх мэт ажлуудыг дурдсан байна.
3.Дүгнэлт
Ардчилсан намын нэртэй бүх хөтөлбөрийг зогсоов
Коммунизм сэргэж, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг үнэгүйдүүлэв
Ёс суртахуунаа уландаа гишгэв
Гэр бүлийн гишүүддээ үйлчлэх "үнэт зүйл"-ийг нэвтрүүлэв
Тоглоомын ерөнхий сайдтай болов