
Монгол Улсын зэвсэгт хүчний нүүр царай болсон энхийг сахиулагчид маань хамгийн отгон улс Өмнөд Суданд НҮБ-ын цэнхэр далбаан дор бүтэн жил үүрэг гүйцэтгээд эхний хэсэг нь наймдугаар сарын 31-нд, үлдсэн нь есдүгээр сарын 16-нд эх орондоо ирээд буй.
Халуун цэгүүдийн нэг болсон орноос буцаж ирснээс хойш нэг сар шахам болоход НҮБ-аас олгодог цалин, урамшууллаа авч чадаагүй байгаа нь үүрэг гүйцэтгээд ирсэн цэргүүдийн дургүйг хүргэхийн зэрэгцээ алба хашдаг анги байгууллагадаа очиж чадахгүйд хүрч байгаа юм.
Монголчууд хол газраас гар хоосон буцдаггүй, ар гэртээ атга чихэр ч гэсэн аваад л харьдаг заншилтай. Тийм учраас НҮБ-ын мандат дор гайгүй цалинтай ажил хийгээд ирсэн эрс ангидаа хоосон очихгүйг л бодож БХЯ, ЗХЖШ-аас мөнгийг нь хэзээ олгохыг нүдээ ширгэтэл хүлээсээр буй аж.
Өмнө нь нэг бус удаа энхийг сахиулах ажиллагаанд яваад ирсэн ахлагч нар “Энэ удаа мөнгийг маань өгөлгүй хэтэрхий их удаж байна. БХЯ, ЗХЖШ-ын эрх бүхий албан тушаалтнууд бидний мөнгийг эргэлдүүлээд байгаа юм биш биз дээ. Өмнө нь Сьерра-Леоноос ирэхэд хоёр хоноод л НҮБ-аас олгодог цалинг маань өгсөн.
Афганд үүрэг гүйцэтгээд ирэхэд ч 2-3 хонуулаад л өгч байв. Уг нь бол НҮБ-аас сар сард нь цэргийн алба хаагчдын цалинг манай талд шилжүүлдэг юм гэсэн. Гэтэл сар сард нь дансанд нь хийгээд байх боломжтой атал тэгэхгүй бөөгнүүлж байдаг нь хардлага төрүүлээд байна.
ЗХЖШ-ынхнаас асуухаар “Ямар ч мэдээлэл өгөхгүй. Санхүүгийн албаныхаа утсыг ч хэлэхгүй юм” хэмээн ярилаа. Зэвсэгт хүчний анги байгууллагаас төдийгүй, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ-аас энхийг сахиулах ажиллагаанд явсан олон хүн уг мөнгөө хүлээсээр тэсгэл алдаж буй аж.
Зарим эх сурвалжийн өгүүлснээр ЗХЖШ-ынхан цэргийн алба хаагчдын цалин дээр ханшийн зөрүү ярьж буй сурагтай. “Та нарыг ноднин Өмнөд Судан руу явахад Монголд ам.доллар ямар ханштай байсан, түүгээр тооцож цалинг чинь өгнө” гэх мэдээлэл алба хаагчдад өгчээ.
Энэ мэтээс үзэхэд, БХЯ, ЗХЖШ-ынхан ханшийн зөрүүн дээр тоглодог байж ч болох. Өнгөрсөн жил нэг ам.доллар 1991 төгрөг байсан. Өчигдөр “Найман шарга” захад 2270 төгрөг байна. Өнгөрсөн жилийнхээр тооцож өгвөл нэг хүн 20 гаруй сая төгрөг хүрэхтэй, үгүйтэй мөнгө авна. Харин энхийг сахиулаад ирсэн 800 гаруй хүн 21-22 сая төгрөг авна хэмээн итгэл дүүрэн хүлээж суугаа.
Суданаас наймдугаар сарын 31-нд эхний ээлж нь ирэхэд ам.доллар 2219 төгрөгтэй тэнцэж байв. Дараачийн ээлж нь ирсэн есдүгээр сарын 16-нд ханш 2246 төгрөг байжээ. Тэгэхээр энхийг сахиулагчдын цалин болж ирсэн хэдэн долларыг валютын ченжүүдтэй хуйвалдан ашиг олдог байж болзошгүй гэж энхийг сахиулагчид хардах нь арга ч үгүй биз.