
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатыг уржигдар орой АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, бондын хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хэмээн буруутган шалгаж байсан.
Харин саяхнаас Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагууд албан тушаалаа урвуулан Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулан улсын төсөвт хохирол учруулсан гэх хэргийг Н.Мөнхбатын өмнөх үйлдлүүдтэй нэгтгэн шалгаж эхэлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн билээ.
Харин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр зарим хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг УИХ жил бүр Хаврын чуулганаараа батлах хуультай. Энэ хууль 2012 оноос хойш огт мөрдөгдөөгүй. Засгийн газар УИХ-ын бүрэн эрхэд халдаж, УИХ-аас батлаагүй, хэлэлцээгүй төслийг санхүүжүүлдэг хууль бус практик тогтсон байсан.
Тухайлбал, Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоолгүй, УИХ-аар батлуулалгүй Хөгжлийн банкнаас гаргасан нь тодорхой болсон” хэмээн ярьсан юм.
Энэ мэт хууль бус үйлдлүүдийг шалгахад Н.Мөнхбат саад учруулж болзошгүй байсан учраас цагдан хорьсон гэнэ. Цаашлаад УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн болон ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарыг ч цагдан хорьж болзошгүй гэх мэдээллийг прокурорын байгууллагын эх сурвалж өглөө.