
Намрын налгар өдрүүдэд ногоочид тариаланчид томоохон зах, худалдааны төвүүдийн гадна эх орны хөрсөнд ургасан эрүүл монгол хүнс борлуулж буй. Энэ жилийн хувьд ургац сайн байгаа тул монгол тарвас үнэ хямд, олдоц ихтэй харагдана лээ. Уншигч та үнэ хямд байгаа тарвасаас авч хадгалаад шинэ жилийн баярын ширээгээ чимбэл сайхан биш гэж үү. Харин хэрхэн удаан хугацаанд хадгалах аргыг танд зөвлөе.
Сонголт
Юуны өмнө тарвасаа сайтар сонгож авах нь чухал. Ингэхдээ:
- Гаднах хальс нь хагарч гэмтсэн, зөөлөрч муудсан байх учиргүй.
- Хэрэв та тарвасаа удаан хугацаанд хадгалах гэж байгаа бол жижиг хэмжээтэйг сонгох нь зүйтэй.
- Мөн гүйцэт боловсроогүй, зузаан хальстайг сонгосон нь дээр.
Хамгаалалтын хальс

Тарвасыг удаан хугацаагаар хадгалах эл арга Энэтэхэгээс гаралтай. Сонгосон тарвасаа лааны тосоор бүрсэнээр чийгээ алдахгүй удаан хугацааны турш шинэхнээр байдаг. Үүний тулд:
- Эхлээд тарвасаа хуурай болтол сайтар арчих хэрэгтэй.
- Ингэж бэлдсэн тарвас дээрээ хайлуулсан лаа гоожуулж, бүрхүүл үүсгэнэ. Бүрхүүлийн зузаан 0,5 см орчим байхад хангалттай.
- Ингээд лааны тосоо гэмтээлгүй хөргөж, биежүүлээрэй.
Хадгалалт

- Лааны тосоор бүрсэн тарвасаа сонингоор доторлосон хайрцганд хийж харанхуй, сэрүүн, хуурай газар байлгана.
- Хадгалах хугацаандаа тосон бүрхүүл нь гэмтсэн эсэхийг шалгаж байгаарай.
Ингэж бэлдсэн тарвасыг хагас жил хүртэл хугацаанд хадгалж болдог. Эцэст нь тарвасаа хэрэглэхдээ тосыг арилгаж, сайтар угаахад л хангалттай.