
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийнхэн зарим дүүргийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, иргэдээс авч буй төлбөр, хураамж нь хууль тогтоомжид нийцэж байгаа, эсэхийг нягталжээ. Энэ үеэр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Сонсголон дахь амбулаторийнхон иргэдээс авч буй төлбөр, хураамжийг судлахад Эрүүл мэнд, спортын сайдын хүчингүй болгосон тушаалыг үндэслэн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн шинжилгээг 3000 төгрөгөөр, харин эмчийн цохолтоор ирсэн хүүхдийн шинжилгээг үнэгүй хийж байжээ.
Энэ нь Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 470 дугаар тушаалаар батлагдсан Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15.2-т заасныг зөрчсөн байна.
Мөн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцахад үйлчлүүлэгчдээс 13 төрлийн төлбөр, хураамж авахаар дотоод журамдаа зааж, уг төлбөрт үйлчилгээгээ байгууллагын дотоод журмаар зохицуулсан байжээ. АМ-13 дугаар маягт, эмчлүүлэгчдийн картыг иргэдэд 500 төгрөгөөр зарж байгаа нь Эрүүл мэндийн сайдын Нийтлэг үйлчилгээ үзүүлэхэд төлбөр авахыг хориглосон журмыг зөрчсөн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлж Эрүүл мэндийн сайдын бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан байж.