
БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОИКА) 2014 оноос хэрэгжүүлсэн “Э-Иммигрэйшн” төслийн хүрээнд оруулж ирсэн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хилээр нэвтэрч байгаа хүмүүс илүү хурдан шуурхай, үйлчилгээ авах боломжтой болжээ.
Дэлхийн өнцөг булангуудад зэвсэгт мөргөлдөөн, улс төрийн үймээн, байгалийн гамшиг болон өлсгөлөн ядуурлаас шалтгаалж олон хүн эх орноо орхин дүрвэж, терроризмын аюул, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг нэмэгдэж, хуурамчаар баримт бичиг хийх арга нарийсаж буй энэ цаг үед үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, хууль хяналтын байгууллагууд харилцан мэдээллээ шуурхай солилцох нөхцөлийг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгосон нь эл төслийн ач холбогдол аж.
КОИКА-гаас Монгол Улсад хэрэгжүүлсэн “Э-Иммигрэйшн” төслийн хүрээнд мэдээлэл солилцооны өндөр нууцлалтай гурван шатлалт технологи, сүлжээний ачааллыг тэнцвэржүүлэх “Т-МАХ” технологи, хилийн шалган нэвтрүүлэх, гадаадын иргэдийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем болох “ISM” систем, мөн Хилийн шалган нэвтрүүлэхийн автомат хаалга зэрэг шинэ технологи ашиглаж эхэлснээр цаг хугацаа хэмнэх, зорчигчийг таних чадавх нэмэгдэж, шалгагч, байцаагчид ажлаа хийх нөхцөлийг хөнгөвчилж, мэдээллийг төв серверт шуурхай төвлөрүүлэх нөхцөл бүрджээ.