
Төрийн орон сууцны корпорац (ТОСК)- ын захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр дээрх албан тушаалыг хашиж байхдаа танил талдаа давуу байдал олгож, их хэмжээний мөнгө үрэн таран хийсэн нь тодорхой болсон гэнэ.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын албаны хүнээс лавлахад “Албан тушаалын байдлаа хэтрүүлж, хувийн компанитай гэрээ байгуулан нэг тэрбум төгрөгийн зээл олгож, ТОСК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр тус корпорацын ерөнхий захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн нь үнэн” гэсэн юм.
Бидний авсан мэдээллээр “Үндэсний барилга консорциум” ХХК-ийн захирал Д.Цэндтэй 2013 оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, дээрх нэг тэрбум төгрөгийн зээлийг олгосон аж. Харин нөгөө консорциум нь ямар ч ажил гүйцэтгээгүй гэх мэдээлэл байгаа юм.
Түүнчлэн тус консорциум 2013 оны есдүгээр сард Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Гэр хороололд бохир усны шугам, бага хүчин чадлын цэвэрлэх байгууламж шинээр барих (Улаанбаатар)” тендерт шалгарсан бөгөөд уг ажил нь одоо хийгдсэн, эсэх нь тодорхойгүй байдаг.
Энэ ажлаа гүйцэтгэхийн тулд “Эрэлт импекс” компаниас 27 сая гаруй төгрөгөөр бараа материал авсан үнээ төлөхгүй удаж, шүүх дээр маргаан үүссэн мэдээлэл ч буй юм.