
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Улааны холимог металлын ордыг ашиглаж буй, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийнхныг хууль хяналтын байгууллага гурав дахь удаагаа шалгаж эхэлснийг бид өмнө нь мэдээлсэн.
Адуугаа хайж явсан эрэлчин тус компанийн уурхайн ойролцоо тогтсон нуурын усаар гараа угаахад эвгүй үнэртсэн учраас шалгуулахаар холбогдох байгууллагад хандсан юм. Гэвч Мөрдөн байцаах газрынхан байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйн улмаас газар дээр нь очиж шалгаж чадахгүй байв.
Харин манай сонины есдүгээр сарын 16-нд гарсан нийтлэлийн дараа Дорнод аймгийн Цагдаа, Онцгой байдал, Байгаль орчны, Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан ажлын хэсэг гарч, Улааны орд газарт очиж шалгажээ.
Шалгалтын дүнгийн талаар тус аймгийн Цагдаагийн газрын албаны хүнээс тодруулахад “Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” компанийн хаягдлын далан цоорсноос байгаль орчинд хор хохирол учруулж байж болзошгүй гэсэн мэдээллийг харьяаллын дагуу манай Цагдаагийн газар шалгаж эхэлсэн. Хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт гарахыг хүлээж байна. Дүгнэлт өнөө, маргаашдаа гарчих болов уу. Үүний дараа мөрдөн байцаалт явуулах уу, хэрэгсэхгүй болгох уу гэдэг нь тодорхой болно” гэв.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр ажлын хэсгийн дүгнэлт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр баталгаажиж эхэлсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх сурагтай.