Дэлхийн эдийн засгийн форумаас танилцуулсан “Ирээдүйн ажлын тайлан 2025”-ыг 800 гаруй компани, 27 салбарын 14 сая ажилтны мэдээлэлд үндэслэн бэлтгэсэн бөгөөд ойрын таван жилд ямар мэргэжил хамгийн эрэлттэй байх, аль нь устах эрсдэлтэй болохыг тодорхойлжээ. 2030 он гэхэд дэлхий даяар 170 сая ажлын байр шинээр бий болох төлөвтэй ба автоматжуулалт, технологийн дэвшлийн нөлөөгөөр 92 сая хүн ажилгүй болох эрсдэлтэй тулгарч болзошгүй байна. Иймд дэлхийн нийт ажилтны 40 гаруй хувь нь ур чадвараа шинэчлэх, дахин суралцах шаардлагатай болохыг дээрх тайланд онцолжээ.
Ногоон эдийн засгийн шилжилтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахтай холбоотой ажлын байранд одоогоор харьцангуй цөөн ажилтан ногдож байгаа ч ойрын ирээдүйд эдгээр салбар хурдацтай тэлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт эрс нэмэгдэх хандлагатай гэнэ. Энэ нь дэлхийн улс орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амлалтууд, ногоон хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаатай шууд холбоотой аж. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний инженер, нарны эрчим хүчний системийн суурилуулагч, системийн инженер, ногоон барилгын мэргэжилтэн, байгаль орчны хяналтшинжилгээний ажилтан гэх мэт мэргэжил ирэх он жилүүдэд хамгийн эрэлттэйд тооцогдож байна. Цар тахлын дараах үеэс дэлхий даяар ногоон эдийн засгийн шилжилтэд зориулан 1.8 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд үр дүнд нь 2030 гэхэд 30 сая орчим “ногоон ажлын байр” шинээр бий болно гэсэн тооцооллыг олон улсын байгууллагууд гаргасан аж.
Г.Сансар

