Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг ирэх сарын 1-нээс мөрдүүлж эхлүүлэх нь. Үүний нэг нь Зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага, стандарт юм. Улаанбаатар хотын ногоон бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутагт барьсан хашлага, хашаа нь зэрлэг амьтдад ээлгүй бөгөөд тэдний хөдөлгөөнд саад учруулахын зэрэгцээ аминд нь ч хүрэх болжээ. Энэ талаар БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газрын Амьтан, байгалийн ургамлын хяналт хариуцсан шинжээч Д.Сонин-Эрдэнэ “2018-2022 онд нийслэлийн ногоон бүс болон улсын тусгай хамгаалалттай газарт стандартын шаардлага хангахгүй, зэрлэг амьтдад ээлгүй хашаанаас үүдэн 30 гаруй зүйлийн хөхтөн амьтан хавчуулагдах, сүлбүүлэх зэргээр хорогдсон дүн мэдээ байна. Орон нутгийн хувьд газар тариаланг хамгаалах зорилгоор барьсан болон авто, төмөр замын хориг хашаанд зэрлэг амьтад олон тоогоор өртөж, гэмтэж бэртэж, үхэж байна. Иймд буруутай этгээдэд арга хэмжээ авах, зохицуулалтуудыг хуульчлах шаардлага үүссэн. Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд улсын хяналтын байцаагч нь байгаль орчин, амьтны аймагт учруулсан хохиролд нөхөн төлбөр ногдуулах эрхтэй гэж заасан. Мөн аливаа иргэн, хуулийн этгээд буруутай үйлдлийн улмаас улсад хохируулсан хохирлыг нөхөн төлөх хуультай. Иймд ногоон бүс, тусгай хамгаалалт бүхий нутагт газар эзэмшигч, ашиглагч иргэд, хуулийн этгээд холбогдох стандартыг хэрэгжүүлэхийг уриалж байна” гэв.
Ч.Цэлмэг