Нийслэлийн Байгаль орчны газраас энэ оны ойн дагалт баялгийн судалгааг хийж дууссан талаараа өчигдөр мэдээллээ. Уг судалгааг ойн мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэсэн бөгөөд үүний үр дүнд нийслэлийн ногоон бүсэд хуш модны самар ургаагүй болохыг тогтоосон байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны Хуш модны самар бэлтгэх хэмжээ тогтоох тухай А/706 дугаар тушаалд Улаанбаатар хотын ногоон бүсийг хамруулаагүй аж. Өөрөөр хэлбэл, хотын ногоон бүсээс ахуйн зориулалтаар самар түүж бэлтгэхийг уг тушаалаар хориглосон гэсэн үг. Нэмээд өнөө жил улсын хэмжээнд самрын ургац бага, нийслэлийн бүсэд бүр байхгүй тул иргэд, олон нийтийг хуш модны самар түүхээр явахгүй байхыг анхаарууллаа. Самар түүхээр яваад төөрөх зэргээр эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулах тохиолдол ихсэж байгаа учир ийн сэрэмжлүүлжээ.
Сонирхуулахад, манай орны ойн сангийн байгалийн талбайн 5.17 хувийг хушин ой эзэлдэг аж. Нийт 10 аймгийн 63 сум, хотын ногоон бүсэд тархан ургадаг байна. Хуш модны самрыг дунд, их ургацтай жилд аравдугаар сарын 20-ноос хоёрдугаар сарын 1 хүртэл ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийг зөвшөөрдөг.
О.Ундрах