“Говь” ХК бол Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй, олон нийтэд хувьцаагаа санал болгосон нээлттэй хувьцаат компани юм. Ийм төрлийн компани нэн түрүүнд Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-нд бүртгэлтэй байх, олон нийтэд ил тод мэдээлэл өгөх, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэ¬рүүдийг мэдээлэх, санхүүгийн тайлангаа нийтэд зарлах, хуулийн дагуу хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах үүрэг хүлээдэг. Нийт 25 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй, гаргасан хувьцааных нь тоо 780 112 500 ширхэг (энгийн хувьцаа)-т хүрсэн, Монголын хөрөнгийн биржийн топ 20 индексийн багцыг тогтмол өнгөлдөг үндэсний ууган үйлдвэрлэгч “Говь” ХК хэлбэрээ өөрчлөн, хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болгохоор шийдвэрлэснээ гэнэт зарласан нь энэ зах зээлд ойр хэн бүхний нүдийг орой дээр нь гаргав. Улмаар хэдхэн хоногийн дараа “Говь” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Баатарсайхан эхнэр Д.Хуландаа өөрийн албыг шилжүүлснийг өнгөр¬сөн хойно л олон нийт мэдсэн.
2024 оны байдлаар зах зээлийн үнэлгээ нь 206.4 тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй “Говь” шиг аваргууд байтугай, ямар ч компани хэлбэрээ өөрчлөн, ХК-иас ХХК болгоно гэдэг бол онцгой нөхцөлтэй шийдвэр юм. Аливаа хувьцаат компани хэлбэрээ өөрчлөх хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-нд ирүүлснээр хувьцаа эзэмшигчдийнх нь хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, хөндлөнгийн аудит, хөрөнгийн үнэлгээ болон холбогдох бусад материалыг үндэслэн хүсэлтийг зөвшөөрөх, эсвэл холбогдох шийдвэрийг татгалзан шийдвэрлэдэг. Учир нь Санхүүгийн зохицуулах хороо бол компанийн хүсэлтийг шийдвэрлэх явцад нийт хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн эрх зөрчигдөх, хохирохоос сэргийлж, хяналт тавин ажиллах үүрэг хүлээдэг байгууллага билээ.
Гэтэл “Говь” ХК өнгөрсөн есдүгээр сарын 8-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн хэлбэрийг өөрчлөх шийдвэр гаргасан тухайгаа хуулийн хугацаанд Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдээгүйг тэд албан ёсны хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ онцолсон юм. “2025 оны есдүгээр сарын 19-ний байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд “Говь” ХК-иас компанийн хэлбэрээ өөрчлөх буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болохтой холбоотой албан ёсны хүсэлт болон холбогдох баримт бичгийг ирүү¬ лээгүй тул тэднийхтэй холбоотой ямар нэг шийдвэр гараагүй байгаа. Компанийн тухай хуулийн “Говь” хуулийг уландаа гишгэж, хувьцаа эзэмшигчдээ хөсөр хаясан уу 18 дугаар зүйлийн 18.7, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63.1.10-д тус тус заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөөгүй, хувьцааны бүртгэлээс хасах шийдвэрийг гаргаагүй байхад аливаа хувьцаат компани хэлбэрээ ХХК болгох болон хувьцааг компанид эргүүлэн худалдан авах ажиллагааг хэрэгжүүлэхгүй” гэж тус хорооноос есдүгээр сарын 19-нд мэдэгдсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос “Говь” ХК-д хандан, хувьцаа эзэмшигчдийн шаардах эрх хэрэгжүүлэх үйл ажиллагааг зогсоох тухай 3/3469 тоот албан бичгийг ч хүргүүлжээ.
ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХ БУС, ШИЙДВЭРЭЭ Л ТАНИЛЦУУЛДАГ “ДААМ” КОМПАНИ
Компанийн тухай хуулийн 18.6-д “Хувьцаат компани нь өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэр гаргаснаас хойш энэ тухайгаа Санхүүгийн зохицуулах хороо болон үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад ажлын гурван өдрийн дотор мэдэгдэнэ”, 18.7-д Санхүүгийн зохицуулах хороо хувьцаат компанийн өөрчлөн байгуулагдах, татан буулгах тухай шийдвэрийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу зөвшөөрсөн бол уг бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлнэ” хэмээн цагаан дээр хараар тодорхой заасан нь буй. Гэтэл “Говь”-ийнхон улсын хуулийг уландаа гишгэж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг юман чинээ тоолгүй хөсөр хаяснаа удаах мэдэгдлээрээ ил цагаан зарлав.
“Бид хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тайлан буюу хэлбэр өөрчлөх тухай шийдвэр, хувьцаа эзэмшигчдийн шаардах эрхийг хэрэгжүүлэх талаарх шийдвэр, мэдээллийг хуулийн хугацаанд СЗХ-нд хүргэсэн. Компанийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасанчлан хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь төрийн байгууллагын зөвшөөрөл шаардагдахгүй, дээрх хуулиар шийдэгддэг” хэмээн адарчээ. Өөрөөр хэлбэл, нэг хуулийн ганц, хоёр заалтаар түрээ бариад “Бид компанийн хэлбэрээ өөрчлөхийн тулд төрийн байгууллага руу албан ёсоор хүсэлт явуулж, зөвшөөрөл авах шаардлагагүй. “Ёс”-ыг бодож хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээ танилцуулахад л хангалттай” хэмээн наанадаж мянга мянган хувьцаа эзэмшигчээ, цаашлаад төрөө, нийт ард иргэдтэй нь дорд үзсэн хэрэг. 44 жилийн түүхтэй томоохон компанид бизнесийн наад захын соёл төлөвшөөгүй өдий хүрсэн нь эмгэнэлтэй. Ийм дураараа, тулган шаардсан, ёс зүйгүй үйлдэл, хандлагад нь эгдүүцсэн иргэд, олон нийт дэмий л нийгмийн сүлжээнд “Говь”-ийн албан ёсны цахим хуудсыг дагахгүй байх хөдөлгөөн өрнүүлж буй.
АШИГ, ОРЛОГО НЬ ЖИЛ БҮР ӨСДӨГ Ч НОГДОЛ АШИГ ТАРААДАГГҮЙ
Хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд мэдээлэл хүргэхэд, “Говь” ХК 2025 оны нэгдүгээр улиралд 38.3 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеийнхээс найман хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үнийн дүнгийн 85 хувийг дотоодоос бүрдүүлсэн бөгөөд тайлант хугацаанд Монголд 32.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь 2024 оныхоос 19 хувиар өссөн үзүүлэлт аж. Тэгсэн хэрнээ энэ компани хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаггүй. Хамгийн ноцтой нь, Монголын хөрөнгийн бирж дээрх “толгой компани” 2022 оны I хагасаас хойш үйл ажиллагааны тайлангаа тавиагүй байхад яагаад энэ мэт компаниудаа мэдээллээ нээлттэй болгохыг шаарддаггүй юм бол.
Биржид бүртгэлтэй, үнэт цаас гаргасан компанийн хувьд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-д заасанчлан тухайн аж ахуйн нэгж хэлбэр өөрчлөлт, шинэ бүтэц, хувьцаа хөрвүүлэх зохицуулалт зэрэг мэдээллийг олон нийтэд ил тод болгох үүрэгтэй шүү дээ. Үнэхээр СЗХ-нд мэдэгдэхгүйгээр “Говь” ХК ийм шийдвэр гаргасан бол энэ нь Компанийн тухай болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн асуудал байж таарна. Мэдээллийн ил тод байдлыг хангаагүй, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөн зэрэг асуудалд СЗХ шийдтэйхэн байгаад ийм үйлдлийг зөрчил гэж үзвэл компанийн үйл ажиллагааг түр зогсоох, торгууль оногдуулах, эсвэл шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авах учиртай. Хөрөнгийн зах зээлийн бодлого, зохицуулалт, үйл ажиллагаа нь ийм үлбэгэр сул учраас Монголын хөрөнгийн бирж болоод Санхүүгийн зохицуулах хорооныхны өөдөөс дурын компаниуд “салаавч” гаргаад сурчхаж.
ЭРГҮҮЛЭН АВАХ НЭГЖ ХУВЬЦААНЫ ҮНИЙГ 259 ТӨГРӨГӨӨР ТОГТОВ
Галт тэрэг хэдийн хөдөлчихсөн, “Говь” ХКийнхан хувьцаа эзэмшигчдийн эрхийг хангах зорилготой гэх нэрийн дор одоо “Хувьцааг эргүүлэн худалдаж авах ажиллагааг зохион байгуулж байна”. Эргүүлэн худалдаж авах нэгж хувьцааны үнийг 259 төгрөгөөр тогтож, хүсэлт хүлээн авах хугацааг есдүгээр сарын 11-нээс аравдугаар сарын 23-ныг дуустал хэмээж. “Говь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хэдэн хувьд нь энэ зар хүрснийг таахад бэрх. Ийм нөхцөлд хувьцаа эзэмшигчид “хувьцааг эргүүлэн худалдаж авахыг шаардах эрх”-ээ хэрэгжүүлэхээс гадна уг шийдвэртэй холбоотой асуудлаар жижиг хувьцаа эзэмшигч нар хурлын үйл явц, ирц, саналыг үнэн эсэх, мэдээллийн ил тод байдлыг хангасан уу, үгүй юү гэдэг талаар маргах шүүхэд маргаан, хамтарсан нэхэмжлэл үүсгэх, СЗХнд гомдол гаргах боломжтой гэнэ.
Даанч Санхүүгийн зохицуулах хорооныхон “Манай байр суурь хэвээрээ байгаа. Компанийн хэлбэрийг өөрчлөхтэй холбоотой гарсан хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-ийн шийдвэр, компанийг өөрчлөх төсөл, дүрмийн шинэчилсэн найруулга, аудит, хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, эргүүлэн худалдан авах хувьцааны ханш, буцаан худалдан авахаар төлөвлөсөн ажиллагаа зэрэг нь холбогдох хууль, журмын шаардлага хангасан болон жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг тэргүүн ээлжид хамгаалагдсан, эсэхийг бүрэн тогтоох шаардлагатай. Мөн хувьцаа эзэмшигчдийн хувьцааг эргүүлэн худалдаж авах ханшийг тогтоосон шийдвэр, түүний үндэслэл болсон аудит болон хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь бодит, үнэн зөв, эсэх, тухайн ханш нь зах зээлийн үнэлгээнд нийцээгүй буюу жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн, эрх ашиг хамгаалагдах нөхцөл бүрдээгүй тохиолдолд үнэт цаасны бүртгэлээс хасах шийдвэрийг гаргахгүй гэдгээ бид хүргүүлсэн” л гэх. Монгол төрийг чадамжгүй харагдуулдаг “Шүдгүй арслан” гээч нь энэ буюу.
Л.Аргамжин