Үндэсний газар зүйн нийгэмлэгээс Монгол дахь гэрэл зургийн кемп арга хэмжээг ирэх сарын 10-14-ний хооронд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс дэх Байгаль орчин, эрүүл мэндийн асуудал хариуцсан Ази, Номхон далайн төв, тус байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар энэхүү арга хэмжээг дэмжиж оролцох юм байна.
Тус нийгэмлэгийн шинжээчид болон гэрэл зурагчид оролцогчдод гэрэл зураг болон дүрслэлээр түүх өгүүлэх урлагийг таниулан зөвлөж, эрүүл мэнд, уур амьсгал, байгаль орчны өөрчлөлтийн огтлолцол дээрх орон нутгийнхаа өвөрмөц түүхийг бүтээхэд тусалж, чиглүүлэх гэнэ.
Гэрэл зургийн талаар суралцах, дадлага хийх сонирхолтой, уур амьсгалын өөрчлөлт ба эрүүл мэндийн асуудлыг судлах эрмэлзэлтэй 18-22 насны залуус уг арга хэмжээнд оролцох боломжтой аж. Заавал мэргэжлийн гэрэл зурагчин, туршлагатай байх шаардлагагүй бөгөөд 20 хүнийг сонгон шалгаруулах юм байна. Оролцохыг хүсэж буй хүмүүсийг энэ сарын 10 хүртэл цахимаар бүртгэх нь.
Ч.Цэлмэг