Дэлхийн цаг уурын байгууллагын (WMO) мэдээлснээр Ази тив дэлхийн дунджаас хоёр дахин хурдтай дулаарч байгаа бөгөөд зөвхөн сүүлийн 30 жилд хэт халуун, ган гачиг, үерийн улмаас нийт хоёр их наяд ам.долларын эдийн засгийн хохирол учирчээ. Энэ жилийн хувьд Япон, Өмнөд Солонгост олон жилийн дунджаас илүү халсан байна. Тухайлбал, Японы Исэсаки хотод 41.8 хэм хүрч халсан нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон аж. Зургаа, долоодугаар сард ч олон жилийн дунджаас давсан халуун үргэлжилсэн гэнэ. Мөн Өмнөд Солонгост энэ жилийн халууны улирал удаан үргэлжилж, 22 өдөр дараалан шөнөдөө 25 хэмээс дээш халсан тохиолдол бүртгэгджээ. Вьетнамын нийслэл Ханойд наймдугаар сарын эхээр 40 хэм давж халсан нь түүхэндээ анхных болсон байна. Хэт халалттай зэрэгцэн Ази тивийн олон оронд үерийн гамшиг давхар нүүрлэсэн. Энэ зун Хятадын өмнөд болон хойд мужуудад хүчтэй аадар бороо орсны улмаас олон хүн амь үрэгдэж, зөвхөн Бээжингийн ахмадын асрамжийн газарт гэхэд 31 хүн нас баржээ. Мөн Энэтхэгийн Уттаракханд мужид гэнэтийн аадар борооны улмаас шар усны үер бууж, 100 гаруй хүн сураггүй болсон бол зэргэлдээ Пакистанд хоёр сарын хугацаанд аадар бороо, үерийн улмаас 300 орчим хүн, тэдний 00 гаруй хүүхэд амиа алдсаныг Дэлхийн цаг уурын байгууллагынхан мэдээлэв.
Ийнхүү уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хэт халалт, үер зэрэг гамшиг нь хүний амь, эрүүл мэндээс гадна эдийн засаг, байгаль орчинд асар их хохирол учруулсаар байгаа нь бүс нутгийн ирээдүйд ноцтой эрсдэл дагуулж болзошгүйг судлаачид анхаарууллаа.
Ч.Цэлмэг