Дэлхийн байгаль хамгааллын конгресс АНЭУын Абу Даби хотноо энэ сарын 9-15-нд болж байна. Олон улсын байгаль хамгаалах холбооноос дөрвөн жил тутамд зохион байгуулдаг эл конгресст өнөө жил дэлхийн 160 гаруй орны төр засаг, судалгаа шинжилгээний байгууллагын болон хувийн хэвшлийн 10 мянга гаруй төлөөлөгч оролцож буй юм. Манай улс эл хуралд сурталчилгааны танхим түрээслэн оролцож буй бөгөөд байгаль хамгааллын сайн туршлагаа танилцуулж, эх орондоо ирэх онд зохион байгуулах НҮБ-ын цөлжилттэй тэмцэх талуудын 17 дугаар бага хурлын хамтын ажиллагааг идэвхжүүлж буйгаараа онцлогтой гэнэ. Түүнчлэн Олон улсын байгаль хамгаалах холбооны улаан жагсаалтад бүртгэлтэй Их говийн нэн ховордсон зургаан амьтныг хамгаалах хэлэлцүүлгийг энэ үеэр зохион байгуулжээ. Өөрөөр хэлбэл, тахь, хулан, мазаалай, хар сүүлт, бөхөн, хавтгай, зэрэг нэн ховордсон амьтныг цаашид хэрхэн хамгаалах талаар олон улсын мэргэжлийн байгууллагын төлөөллүүдтэй туршлага солилцсон аж.
Энэ үеэр БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар АНЭУ-ын Байгаль орчны сайд Амна Ал Дахактай уулзаж, цаашдын хамтын ажиллагаа болон НҮБ-ын цөлжилттэй тэмцэх талуудын 17 дугаар бага хуралд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
У.Цэцэг