Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны Салбарын хяналтын газрынхан иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Архангай аймгийн Цэнхэр сумд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад хяналт шалгалт хийснийг мэдээллээ. Орон нутгийн иргэд “Уул уурхайн компаниуд олборлолтын улмаас үүссэн шар усны даланг сэтэлж, Орхон голыг бохирдуулж байна” гэх гомдол гаргасан аж. Үүний дагуу салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу аймгийн Байгаль орчны газар, Орхон, Чулуут голын сав газрын захиргааныхан хамтран дээрх хяналт шалгалтыг зохион байгуулжээ.
Шалгалтад Цэнхэр сумд ашигт малтмалын хайгуул болон олборлолт явуулах тусгай зөвшөөрөлтэй БМНС, “Армико майнинг корпорац”, “Алтай голд”, “Батдөлгөөн мөрөн”, “Гурван хайрхны асар” ХХК-ийг хамруулсан аж. Тэгэхэд цөөнгүй зөрчил илрүүлсэн бөгөөд тухайлбал “Гурван хайрхны асар” ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай дахь хаягдал усны далан сэтэлсэн байжээ. Зөрчлийн дагуу тус компанийнханд холбогдуулан аймгийн Прокурорын газраас зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж буй гэнэ. Хяналт шалгалтын явцад мөн Шийртийн амны болон Өлийн голын ус нийлдэг хэсгээс дээж авч, Усны газарт шинжлүүлэхээр хүргүүлсэн байна.
О.Оргилох