Гол, нуур мөстөж, бүрхүүл тогтсон ч автомашинтай зорчиж, тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Тухайлбал, голын мөс цөмөрч, автомашин осолдсон тухай дуудлага, мэдээлэл онцгой байдлын байгууллагад энэ сарын 24-25-нд шилжих шөнө хоёр бүртгэгджээ. Тодруулбал, Ховд аймгийн Мянгад сумд нуурын мөс цөмөрч гурван зорчигчтой суудлын автомашин осолдсон байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, иргэн Г-гийн “Toyota town ace” загварын автомашин нуурын эргээс 800 метрийн зайд мөсөнд цөмөрч суусныг татан гаргажээ. Мөн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт голын мөс цөмөрч, суудлын автомашин живсэн аж.
Одоогоор ихэнх гол, мөрөн мөсөн бүрхүүлтэй байгаа ч нуурын толио болон голын нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй, хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр дээгүүр ньявж, авто тээвэр хийхгүй байхыг дээрх байгууллагаас сэрэмжлүүлэв. Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр бэлчээртявуулахгүй, гол, нуурын мөсөн дээгүүр мал, сүрэг тууварлахгүй байхыг анхаарууллаа.
У.Сүрэн