Дэлхийн зарим бүс нутагт олон хоног хэт халж, аагим халуун, хурц нар асуудал дагуулж байна. НҮБ-ын дэргэдэх Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-аас манай гаргийн түүхэн дэх хамгийн халуун таван жил айсуйг анхааруулаад, 2026-2030 онд дэлхийн гадаргын дундаж температур 1850-1900 оны үеийнхээс даруй 1.3-1.9 хэмээр өндөр байх тооцооллыг олон улсад зарлачихлаа. Харин монголчууд VIII Богд гэгээний “Цөвүүн цаг ирэхэд өнгө, мөнгө хавчиж хууль үгүй болно, хавар, намар хавчиж зун үгүй болно...” гэсэн зөгнөлт сургаалыг эш болгон зуны дулаан, нарлаг өдрүүдийг бие биеэсээ “нэхэж” байна. Зарим нь хамгийн их хор хохирол дагуулсан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн Тамбора галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй “зунгүй жил” (бохирдол, тоос тортог нарны илчийг бууруулснаар эрс хүйтэн болсон)-үүдийг уур амьсгалын өөрчлөлт манай дэлхийд эргэлт буцалтгүй авчирлаа хэмээн шогшрох болов. Үүнийг нь батлах гэсэн шиг зэврүүн, цас, бороо холилдсон, “олон ааштай” өдрүүд үргэлжилсээр.
Зуны эхэн сар талдаа орсон энэ үед уг нь газар дэлхий уясаж, тогтуун, дулаан уур амьсгал зонхилдог сон. Гэтэл сүүлийн жилүүдэд эл уламжлал алдагдаж, байгаль дэлхий, тэнгэр хангай их л “ёозгүй” байх болов. Өдгөө гэхэд Монгол орны нийт нутгаар сэрүүн, зэвэргэн уур амьсгал зонхилж, өвс ургамлын гарц тааруу байна. Өнгөрсөн сарын сүүлчээр гаргасан зураглалаар нийт нутгийн 40 хувьд л бэлчээрийн ургамал сайн, үлдсэнд нь дунд, муу байгааг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Говийн болон төвийн бүсийн зарим аймагт хэд хоногийн өмнө орсон цасны ул мөр гүйцэд арилаагүй байна. Хүлэмж, ил талбайд үрслүүлсэн нарийн ногоо, навчит ургамлууд эхнээсээ хяруунд цохиулж, хайруулж, хатах, хөлдөх эрсдэлд ороод буйг тариаланч, цэцэрлэгчид учирлалаа. Хуурайшилт, хуй салхины аюул хавар, намраар тогтохгүй зуны улиралд ч хот, хөдөөгүй эрсдэл дагуулж болзошгүй нь хэмээн учир мэдэх хүмүүс сэрэмжлүүлэх болов. Хаа сайгүй дулаан өдрүү дийг санагалзсан, зун шиг зун болоосой гэж харуулдсан хүмүүс. Харин зун хэзээ ирэх вэ?
ЦАГ УУРЧДЫН ТООЦООЛОЛ
Цаг уур, орчны шинжилгээний газрынхан энэ асуултад “Зургаадугаар сарын дунд үеэс цаг агаар дулаарч, тогтворжино. Долоо, наймдугаар сард агаарын температур олон жилийн дунджийн орчим болон дунджаас дулаан байна” гэж хариулав. Тус газраас “Монгол орны 2026 оны дулааны улирлын цаг агаарын төлөв” хэмээх тайлан гаргажээ. Үүнд тэмдэглэснээр бол энэ зун ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, зүүн болон говийн бүс нутгаар хур тунадас дунджаас бага орох төлөвтэй гэнэ. Тухайлбал, зургаадугаар сард баруун болон хангайн бүсийн зарим өндөрлөг газраар аадар ойрхон давтамжтай орох боловч цаг агаар, уур амьсгал ерөнхийдөө хуурай, дулаан байх нь. Харин ирэх сард манай орны зүүн өмнөд хэсгээс бусад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв ажиглагджээ. Зуны сүүлч сард нийт нутгаар халах шинжтэй буй аж.
Уг тайланд үндэслэн гаргасан зөвлөмжид “Говийн болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй тул агаар, хөрс хэт халж, хуурайшилт нэмэгдэнэ. Үүнээс үүдэлтэй аюулт үзэгдлээс сэрэмжлэхийг анхааруулъя” гэжээ. Баруун болон говийн аймгуудад гангийн эрсдэл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Үүн дээр зүүн аймаг ч нэмэгдэх шинжтэй. Түүнчлэн салхины хурд үе үе ширүү сэж, хүчтэй шороон шуурга дэгдэх эрсдэлтэйг анхааруулжээ.
Цаг уурын байгууллагынхан энэ зуны цаг агаарын талаар ийм л ерөнхий, бүрхэг мэдээлэл танилцуулж байна. Зуны улирлын цаг агаар, уур амьсгалын төлөв хэрхэн өөрчлөгдсөн, байгалийн аюулт болон гамшигт үзэгдлийн давтамж хэр ойртсон, гангийн эрсдэл ямар байгаа гээд илүү нарийн, чухал мэдээлэл бидэнд хэрэгтэй сэн. Тэгвэл судлаачид зуны улирлын цаг агаар, уур амьсгалын талаар юу хэлэв.
СУДЛААЧДЫН ЗУРАГЛАЛ
Монгол орны зун хэрхэн өөрчлөгдсөн бэ. Ямар учраас хүмүүс “Зун шиг зун болсонгүй” гэж ярих болов. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан зуны цаг агаар эрс өөрчлөгдөөгүй ч температурын хэлбэлзэл буюу хэт халах, эрс сэрүүсэх үзэгдэл сүүлийн жилүүдэд түгээмэл ажиглагдах болсныг хэлэв.
Манай улсын усны салбарын урдаа барьдаг судлаачдын нэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр зуны цаг агаар илүү тогтворгүй, “экстрим”, эрс тэс болсныг хөндөв. Тэрбээр “Ган-үер-ган-зуд гэсэн давтамж бүхий хүнд нөхцөлд дасан зохицож амьдрах цаг үе ирж байна. Зарим аймагт гол, нуурын усны түвшин нэмэгдэж, үерийн аюул тохиож байхад өөр бүс нутагт хэт халж, хуурайшилт, ган эрчимжих нь хэвийн үзэгдэл боллоо. Гантай бүс нутгуудад хэсэг хугацааны дараа үер болж, харин үертэй газруудад ган нүүрлэх нь ердийн тохиол болов” гэсэн юм. Бөмбөрцгийн зарим бүсэд нар шарж, хэт халалт хэдэн сар, өдрөөр үргэлжилж байхад нөгөө хэсэгт нь үер усны гамшиг, хүйтэн сэрүүн тохиож буй өнөөгийн цаг улирлын байдлыг тэрбээр ийн тайлбарлалаа. Хэт халах, цочир хүйтрэх, их хэмжээний хур тунадас орох, эсрэгээрээ олон жилийн дунджаас бага цас, бороо үзэгдэж ган гачиг тохиох зэрэг нь шинж чанарын хувьд хоорондоо эрс тэс үзэгдэл мэт боловч зүй тогтлын гинжин холбоотой, нэг нь нөгөөгийнхөө урьдач нөхцөл, үндэс шалтгаан болдог аж. Уур амьсгал судлаачид бол агаар мандал дахь салхины урсгалыг тогтоон барьж байдаг байгалийн “далан” дэлхийн дулаарлын нөлөөгөөр хүчээ алдсанаас Арктикийн хүйтэн агаар яг одоо манай орон руу ямар ч саадгүй цутгаж буй хэмээн тайлбарлаж байна.
МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Сономдагва “Хавар, намрын улирлын үргэлжлэх хугацаа уртсаж, зун, өвлийнх богиноссон. Цаашид хавар, намар гэсэн хоёрхон улиралтай болох дүр зураг ажиглагдаж байна” хэмээж байв. Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Гомболүүдэв “Зуны хур тунадасны 80 хувь нь шиврээ, үлдсэн нь аадар хэлбэрээр ордог байсан нь эсрэгээрээ болсон. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Монголд зуны улиралд түлхүү ажиглагддаг” гэсэн нь ч учиртай. Зуны араншинг ганц агаарын температурын тоогоор хэмжиж, дүгнэх бус, уур амьсгалын ерөнхий зураглалаар харах нь илүү бодитой гэдгийг судлаач, эрдэмтэд ийн хэлэв.
“САЛХИ ИХТЭЙ ҮЕД ТЕМПЕРАТУР ХАРЬЦАНГУЙ ХҮЙТЭН МЭДРЭГДДЭГ”
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер, цаг уурч Б.Жаргалангаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Нарлаг, дулаан өдөр эрс цөөрч, зун үгүй болчихсон мэт байх боллоо. Үүнд та мэргэжлийн хүний хувьд ямар тайлбар хэлэх вэ?
-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхий дахинд тохиолдох цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж эрс нэмэгдсэн. Ялангуяа хүн амын нягтшил, эмзэг байдал өндөртэй Азийн бүс нутагт тохиолдож буй гамшгийн тоо дэлхийн дунджаас хоёр дахин их буюу нийт тохиолдлын 50 гаруй хувийг эзэлж байгааг Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)аас гаргасан тоо баримт нотолдог. Энэхүү гамшигт үзэгдлүүдийн дунд гэнэтийн усархаг аадар бороо, хүчтэй салхи шуурганаас гадна температурын хэлбэлзэл буюу хэт халах, эрс сэрүүсэх үзэгдэл сүүлийн жилүүдэд түгээмэл ажиглагдах болсон. Хэт халалтаас үүдэлтэйгээр хуурайшилт, гангийн эрсдэл ч жил ирэх тусам нэмэгдсээр байна.
Олон жилийн дундаж үзүүлэлтүүдийг харахад зургаадугаар сарын эхний хагаст цаг агаар тийм ч тогтуун сайхан байдаггүй. Зуны аагим халуун, уур амьсгал ажиглагддаг хугацаа биш. 2026 оны тавдугаар сарын агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулахад баруун болон зүүн аймгуудын нутагт дунджаас дулаан, төвийн болон говийн бүсэд дунджийн орчим байсан. Харин зургаадугаар сарын хувьд эхний 10 хоногт дунджаас сэрүүн, нэгдүгээр арав хоногийн сүүлчээс ихэнх нутгаар дулаарч эхлэх төлөвтэй. Энэ нь зуны цаг агаарын ерөнхий төлөв эрс өөрчлөгдсөнөөс бус, тухайн жилийн агаар мандлын нөхцөл байдлаас шалтгаалж байна.
-Хэдхэн хоногийн өмнө Дундговь, Өвөрхангай аймгийн нутагт цас орлоо. Зуны эхэн сард цас орох нь хэр онцгой үзэгдэл вэ?
-Зуны саруудад цас орох нь элбэг тохиолдол биш. Гэвч өндөрлөг өргөрөгт орших, эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орны онцлогоос шалтгаалаад 6-8 дугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн өндөр уулархаг бүс нутгуудад хэд хэдэн удаа цас орж байсан тохиолдол бий. Зуны ид халуунд буюу долоодугаар сард ч цас орсон тохиолдол байдаг. Жишээ дурдвал, 2024 оны зургаадугаар сарын эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, тэр дундаа, Хөвсгөл, Архангай, Завхан аймгийн зарим сумд цас орсон. Үүнээс хоёр жилийн өмнө, мөн зургаадугаар сарын 20доор Төв, Сэлэнгэ, Булган аймгийн нутагт болон Улаанбаатар хот орчимд температур огцом унаж, нойтон цас орж байсан юм. Түүнчлэн 1997 оны зургаадугаар сарын дундуур Архангай, Өвөрхангай, Төв аймгийн нутаг болон Хангайн нурууны бүсэд маш хүчтэй шуурга болж, зарим газарт 20-30 см хүртэл зузаан цасан бүрхүүл тогтсон. Харин үүнээс 10 жилийн өмнө буюу 1987 оны долоодугаар сард Төв болон Хангайн уулархаг нутгаар, Хөвсгөл, Завханы чиглэлд зуны халуун өдрүүд үргэлжилж байснаа огцом хүйтэрч, уулархаг хэсгээр нойтон цас орсон тохиолдол бий.
Монгол орны уур амьсгалыг судалж байсан ус, цаг уурын салбарын эрдэмтэд болох Б.Жамбаажамц, Н.Бадарч нар уулархаг бүс нутагт зургаа, долоодугаар сард орсон цасыг “хаврын сүүлчийн”, наймдугаар сард орсныг нь “намрын анхны” хэмээн тодорхойлж, судалгааны бүтээлүүддээ тусгасан байдаг.
-Тэгвэл зуны улиралд салхи шуургатай, зэврүүн өдөр олон тохиох болсон гэдэгтэй санал нийлэх үү. Үүнтэй холбоотой тоо баримт, судалгааны үр дүн бий юү?
-Дэлхийн цаг уурын байгууллагын болон цаг агаарыг урт хугацаагаар урьдчилан тооцоолдог зарим бүсийн төвүүдийн тооцоолсноор энэ зуны хугацаанд Номхон далайн гадаргын температурын нэмэх хэлбэлзэл болох хүчтэй Эль Нино ажиглагдах төлөвтэй. Энэ үзэгдэл нь манай орны цаг агаар, уур амьсгалд шууд нөлөө үзүүлэхгүй, хамаарал бага хэдий ч Эль Нино тохиосон түүхэн жилүүдийг харвал нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, салхи ихтэй байдаг нь түгээмэл ажиглагдсан. Өнөө жилийн хувьд салхины дундаж хурд мөн л их байгаа бөгөөд цаашдаа ч энэ байдал үргэлжлэх хандлагатай. Салхи ихтэй үед температур харьцангуй хүйтэн мэдрэгддэг тул хүмүүс “Зуны улирал үгүй боллоо”, “Өмнөх жилүүдээс эрс сэрүүслээ” гэж дүгнэж байх талтай.
Н.Дүүлэн