Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах салбарын тэргүүлэх эрдэмтэн, эмч, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “ICOT-V-2026” олон улсын чуулган Улаанбаатар хотноо энэ сарын 4-6-нд болж өндөрлөлөө. Чуулганаар эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тусламж, үйлчилгээний өнөөгийн хөгжил, цаашдын чиг хандлага болон донорын тогтолцоо, дэвшилтэт технологи, эмчилгээний үр дүн, судалгааны шинэ ололтыг хэлэлцсэн байна. Энэ удаагийн V чуулганд Монгол, БНСУ, Энэтхэг, Турк, БНХАУ зэрэг орны 20 гаруй зочин профессор, эрхтэн шилжүүлэн суулгах багийн гишүүд, мэс заслын эмч нар болон гастроэнтерологи, нефрологи, гепатологийн чиглэлийн 30 гаруй тэргүүлэх мэргэжилтэн оролцжээ.
Чуулганы үеэр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан хүүхдийн эрхтэн, үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний ахиц дэвшил, үр дүн, судалгааны ажлуудаа олон улсын эрдэмтэн, судлаачдад танилцуулсан байна. ЭХЭМҮТ-ийнхний хэлэлцүүлсэн илтгэлүүд хүүхдийн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний чанар, аюулгүй байдал, мэс заслын дараах хяналт, үр дүнг сайжруулахад чиглэсэн судалгааны ач холбогдолтой төдийгүй Монголд нутагшиж буй өндөр өртөгтэй, нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хөгжлийн түвшнийг илэрхийлснээрээ онцлог байв.
О.Ундрах