Амьтны тухай хуулийн дагуу загасны үржлийн үед агнах, барихыг хориглосон хугацаа энэ сарын 15-наар дуусгавар болж буйтай холбогдуулан БОУАӨЯ-наас дараах зөвлөмжийг хүргэв. Ахуйн зориулалтаар загас агнах, барих зөвшөөрлийг www.ezagas.mn цахим системээр авах боломжтой. Зөвшөөрөл хүсэхдээ загас барих байршил, агнах төрөл, тоо хэмжээг зөв сонгож, холбогдох дүрэм журмаа чанд мөрдөхийг зөвлөлөө. Загас нь нөхөн сэргэх хугацаа шаарддаг байгалийн үнэт баялаг юм. Иймд иргэн бүр хариуцлагатай загасчилж, гол, нуурын экосистем, нөөцийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
2026 онд ахуйн зориулалтаар Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймагт загас агнах, барих боломжтой. Ингэхдээ зөвшөөрөлд заасан хугацаа, байршил, төрөл, тоо хэмжээг мөрдөх, хориглосон бүс нутагт, хориотой арга, хэрэгслээр загас агнаж, барихгүй. Тодруулбал, тор хэрэглэхгүй, буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур, гэрэлтүүлэг зэргийг ашиглахгүй, гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлахгүй, эрэг орчмын хог хаягдлыг заавал цэвэрлэж, гал түймрийн эрсдэлээс сэргийлэн ил гал гаргахгүй, ой, бургас бүхий газарт хог, үнс нурмаа үлдээхгүй байхыг анхааруулав.
О.Ундрах