Тайландад энэ сарын 18-наас ирэх сарын 10-ныг хүртэл зохион байгуулж буй “Miss grand international 2026” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн БНХАУ-ын иргэн, 24 настай Amber Yuhan өрсөлдсөн нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна. Тэрбээр албан ёсны бүртгэлдээ Улаанбаатар хотын хаягийг тэмдэглэн, Монгол Улсын төрийн далбааг ашигласан юм.
Энэ талаар “ANDRA аcademy”-ийн үүсгэн байгуулагч, топ модель Х.Бадамгэрэл “Хятад хүн Монголын нэрээр олон улсын тэмцээнд оролцох нь байж боломгүй хэрэг. Туурга тусгаар Монгол Улсын нэр, туг далбааг өөр орны иргэн дураараа ашиглан, олон улсын тэмцээнд оролцож байгаа нь бидний түүх, үнэт зүйл, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл. Тиймээс бид зохион байгуулагч талд албан ёсны цахим шуудан илгээсэн. Салбарын яамнаас ч шаардлага хүргүүлсэн юм билээ. Гэхдээ хариу өгөөгүй. Дэлхийн хэмжээнд зохион байгуулдаг томоохон дөрвөн тэмцээн бий. Үүнд “Miss universe”, “Miss world”, “Miss international”, “Miss earth” багтдаг. Дараа нь “Miss supranational”, “Miss grand international” зэрэг тэмцээн орно. 70 болон түүнээс дээш орны мисс оролцсон тохиолдолд томоохон тэмцээн гэж хүлээн зөвшөөрдөг. Мөн жил бүр 5000- 20 000 ам.долларын хураамж төлөх ёстой. Ингэснээр тухайн улсын франчайз эрхийг авах боломж бүрддэг юм. Харин “Miss grand international”-ийн Монгол дахь эрхийг сүүлийн 7-8 жил хэн ч эзэмшээгүй. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд Монголоос мисс албан ёсоор илгээгээгүй. Гэтэл гадаадын иргэн манай улсын нэр, төрийн далбааг ашиглан өрсөлдөж байна. Монгол хэмээх нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрх бол худалдаж, тохиролцож, эсвэл хариуцлагагүйгээр шилжүүлж болох маркетингийн хэрэгсэл биш” гэсэн юм.
Үүнтэй холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Тайландын Соёлын яам, Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам болон бусад холбогдох дипломат байгууллагад шаардлага хүргүүлжээ.
Ташрамд дурдахад, үүнтэй төстэй тохиолдол 2022 онд мөн гарч, Саха буюу Якут гаралтай бүсгүй манай улсыг төлөөлөн тус тэмцээнд өрсөлдөж байжээ.
У.Сүрэн