Монгол, Оросын Шинжлэх ухааны академийн хамтарсан шинжээчид “Эгийн голын УЦС” төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийг үнэлэх цогц судалгаа хийж буй. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны аргачлал, олон улсын стандартыг баримтлан үнэлгээний тайлан гаргах бэлтгэлээ базааж байгааг Эрчим хүчний яамнаас мэдээлсэн билээ. Тэгвэл ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш, доктор Б.Аюурзана тэргүүтэй усны салбарын эрдэмтэд “Сэлэнгэ мөрний мөс ханзрах үзэгдэлд Эгийн голын усан цахилгаан станцын нөлөө” сэдэвт судалгаа хийж, энэ талаарх өгүүллээ олон улсын шинжлэх ухааны “Scopus” санд бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлжээ.
Усны инженерүүд “DynaRICE” хэмээх динамик мөсний тоон загварчлалыг ашиглан тооцоо, судалгаа хийсэн байна. Ингэхэд Эгийн голын усан цахилгаан станцыг эрчим хүчний хэрэглээний оргил ачааллын үеийн горимоор ажиллуулахад голын усны урсац хоногт секунд тутамд 60-490 шоо метр хүртэлх хэмжээгээр маш хүчтэй хэлбэлзэх тооцоо гарчээ. Усны урсац, түвшний огцом хэлбэлзлээс үүдээд Эгийн гол Сэлэнгэ мөрөнтэй нийлснээс дооших хэсэгт өвлийн улиралд тогтдог мөсөн бүрхүүл хэврэгшиж, мөс хугарах, ханзрах үзэгдэл эрчимжиж болзошгүй гэнэ.
Эг, Сэлэнгийн уулзвар бүхий тухайн хэсэг нь олон салаатай, элсэн арал, нуруу ихтэй учраас ханзарсан мөс бөөгнөрч, “түгжрэл” үүсгэх аюултай аж. Энэ тохиолдолд голын усны түвшин зарим газарт огцом нэмэгдэж, тухайлбал, Булган аймгийн Сэлэнгэ сум орчмын бүс нутагт ус халих, шар усны үер буух, мөс цөмрөх, хар хил тогтох эрсдэл тохиож болзошгүйг тоон загварчлалын үр дүн харуулжээ. Иймд цахилгаан станц байгуулахдаа экологийн нөлөөлөл, эрсдэлийн судалгааг ул суурьтай хийж, болзошгүй аюулаас сэргийлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг судлаачид анхааруулав.