Хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх нь ихэссэнтэй холбоотойгоор монголчууд сүүлийн үед цахим орчинд элдэв мааз яриа дэлгэж, их л хөгжөөнтэй байх боллоо. Ялангуяа араатны аюул, амьтны хөлөөс хол, хот, суурин газарт аж төрдөг хүмүүс “чиний зовлон минийх биш” гэсэн шиг энэ асуудалд тоомжиргүй хандаж, тоглоом шоглоом болгож буй нь тоогүй. Гэтэл хөдөө нутагт, хөвч тайгад морьноос өөр унаагүй, мод, чулуунаас ондоо зэвсэггүй амьдарч буй малчдын хувьд хүрэн баавгай жинхэнэ аюул болчхоод байна. “Энэ бүхэн хэзээ намжих бол” гэсэн мөнхийн айдас болгоомжлол дунд өдөр хоногийг өнгөрүүлж буйгаа орон нутгийн иргэд хэллээ. Зарим нь “хөвчийн бор”-оос айгаад хонь малаа олигтой идээшлүүлж, хадлан, тэжээлээ ч санаснаараа бэлтгэж чадахгүй байгаагаа учирлав.
Хэнтийн нурууны хойд салбарт, хүрэн баавгай, хээрийн боохойны голомт бүхий бүсэд оршдог Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нэгэн малчин “Аюул болох вий гэж эмээгээд хүүхдүүдээ малд явуулахаа байсан. Хот руу дайрах вий гээд шөнө ч унтаж чадахаа болилоо. Айлуудын гэр, хотны ойролцоо баавгайн баас (зүрз) элбэг үзэгдэх болсон. Манайхаас холгүй хадлан хийж буй хүмүүсийн майхны дэргэд баавгай баасан байна. Залуучууд айгаад майханд унтахаа ч больж, машинд амарцгаах болж. Хөлсөөр өвс хадаж байсан хүмүүсийн зарим нь айгаад буцсан сурагтай. Олон жил мал дагахдаа баавгай ингэтлээ аюул тарьж, сандаргахыг үзсэнгүй. Ар гэртээ санаа зовоод холдож чадахаа байсан” хэмээн ярьсан юм. Эндээс баавгай хөдөө, орон нутгийнхныг хэрхэн бажгадуулж эхэлснийг харж болно. Харин үүний эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй мунгинаж, хэлсэн үг, гаргасан шийдвэрээсээ болж олны аманд “олзлогдож” буй төрийн байгууллагынхны байр байдал нь манай улс зэрлэг амьтантай зүй зохистой харилцах, урьдчилан сэргийлэх менежмент, техник хэрэгслийн болон мэргэжлийн боловсон хүчний бэлтгэлгүйг харуулсаар байна.
Баавгай төв суурин газар, суурьшлын бүсэд нэвтэрч, айлын орон гэр, хашаа, хот руу халдах явдал сүүлийн жилүүдэд байнга гарсаар ирсэн. Зөвхөн Хэнтийн Батширээт сумд гэхэд “майга бор”-той холбоотой ийм зөрчил 2020 онд 42 удаа бүртгэгдсэнийг “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг”-ийнхэн хэлсэн юм. Тэр ч бүү хэл, баавгай малчин айл руу дайрч, аав, хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай явдал 2019 оны өдийд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойт гол хэмээх газарт болсон билээ. Үүний дараа жил нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 10- аад малчны хотонд баавгай орж, 30 гаруй бог идэн, айлуудын гэр сууцыг сүйдэлсэн. Баавгай балаг тариад, асуудал дагуулаад цөөнгүй жил болсныг энэ мэт баримт нотолж байна. Харамсалтай нь, манай улсын холбогдох байгууллагынхан үүний мөрөөр урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, бэлэн байдлаа хангах ажил хийгээгүй учраас өнөөдөр ийнхүү барьц алдахад хүрэв.
Хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн тохиолдол сүүлийн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд 240 гаруй удаа бүртгэгдсэнийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас уржигдар мэдээлэв. Тодруулбал, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод зэрэг ой бүхий 12 аймаг, нийслэлийн Багануур, Сүхбаатар дүүргийн нутагт “хөвчийн бор” урилгагүй “айлчилжээ”.
Ийн мэдээлсний маргааш нь л гэхэд гурван ч тохиолдол дахин бүртгэгдэв. Үүний цаана мэдээлээгүй өнгөрсөн хэчнээн тохиолдол буй, цаашид хэрхэн нэмэгдэхийг таашгүй.
“Майга бор” хаана, хэзээ үзэгдсэн, түйвээсэн талаарх нэгэнт ил болсон мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагынхан ийн бүртгэн дамжуулж, зөвлөмж, сэрэмжлүүлэг нэртэй “хоосон уриалга” түгээхээс илүүг хийж чадалгүй өдий хүрлээ. Баавгай суурьшлын бүсэд яагаад орж ирэх болсон, ер нь манай оронд хэчнээн тоо толгой бодгаль буй, аминд тулсан үед араатны эсрэг юу хийх ёстой, хууль, эрх зүйн талаас ямар зохицуулалттай гээд хамгийн чухал асуултуудад ханатай хариулт өгөх нь тэдний ажил юм, уг нь. Харамсалтай нь, яамныханд энэ чиглэлийн мэдлэг, мэдээлэл, тооцоо, судалгаа алга. Ямар сайндаа л “Монгол Улс 1980 оноос хойш баавгайгаа тоолж, судлаагүй. Ирэх жилээс тоолно” гээд хээвнэг ярьцгааж байна. Салбарын сайд нь “Баавгайг суурьшлын бүс рүү оруулахгүйн тулд ууланд нь хооллоно. Өвлийн улиралд малд өвс, тэжээл өгдөг шиг баавгайн тархац нутагт алим, мандарин, самар, мах тавьж өгнө”, “Хэнтий аймагт нэг баавгайг задлан шинжлэхэд ходоод нь хоосон, хорхойтсон байсан”, “Манай байгаль орчны байцаагч нар улаан гараараа баавгайтай тэмцэж, олс дээсээр бугуйлдаж байна” гэхчлэн омтгой зүйлс ярьж, олны доог тохуу болж сууна. Эцэс сүүлдээ буу шийдэм, унтуулга тариа хэрэглэхдээ туллаа.
Баавгай хүн, малд аюул заналхийлэл учруулж, түйвээгээд өчнөөн хоног өнгөрсөн байхад яамныхан дөнгөж уржигдар л энэ асуудлыг хэлэлцүүлэв. Улмаар Засгийн газар зэрлэг амьтан унтуулдаг буу, үргээдэг цацлага зэргийг нөөц хөрөнгөөрөө худалдан авч, орон нутгийн холбогдох байгууллагуудад олгохоор шийдвэрлэлээ. Энэ ажлын нийт санхүүжилт нь 1.8 тэрбум, унтуулгын буу худалдаж авах нэг бүрийнх нь үнэ 32 сая төгрөг гэсэн “том” тоо сонсогдож байна. Зэрлэг амьтныг барих, зөөвөрлөхөд ашигладаг унтуулгын буу, тусгай эм, урвалж бодис, тээвэрлэх тор, тоноглол зэрэг аюулгүй байдлын наад захын хэрэглээний зүйлсгүй өдий хүрсэн манай улс баавгайгаар далимдуулан баахан мөнгө үрэх нь нэгэнт тодорхой боллоо. Цаашлаад зэрлэг амьтан хамгааллын чиглэлээр бэлтгэгдсэн тусгай баг, мэргэжилтэнтэй болох нэрийдлээр их хэмжээний мөнгө үрэн таран хийж болзошгүй нөхцөл ч үүсэв.

Төсвийн хөрөнгөөр унтуулгын буу худалдан авч, ой бүхий 12 аймгийн байгаль орчны газарт тараахтай зэрэгцээд баавгай агнах зөвшөөрөл олгох тухай яриа ч гарч эхэллээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Зайлшгүй тохиолдолд буюу амиа хамгаалах шаардлага үүссэн нөхцөлд баавгай агнахыг зөвшөөрнө” гэсэн агуулгатай зүйл ярьсныг судлаачид эсэргүүцэн шүүмжилж байна. Тэд “Суурьшлын бүсэд орж ирж буй баавгайнуудын дийлэнх нь нас бие гүйцээгүй байдаг. Тэдгээрийг буудах зөвшөөрөл олгох нь хоморголон устгаж байгаагаас ялгаагүй. Шинжлэх ухаан, технологи, зэрлэг амьтны зан төлөвт суурилсан менежментийн арга хэрэгсэл хөгжсөн өнөө үед асуудлыг “устгаж” шийдэх бус, урьдчилан сэргийлэх, уг шалтгааныг нь олж тогтоох, арилгах, судалгаанд үндэслэсэн арга хэмжээ авах нь зохимжтой” хэмээж буй бол яамныхантай ойр ажилладаг зарим судлаач “Зөвхөн нас биед хүрсэн, хүн, мал руу дайрах хэмжээнд өлдсөн баавгайг л агнуулах чиглэлтэй” гэхчлэн сайдынхаа шийдвэрийг муйхраар хамгаалж сууна.
Энэ бол асуудлыг ул сууриар нь бус, гал унтраах маягаар шийдэх гэсэн оролдлого юм. Үүнээс улбаалан үүсэж болзошгүй хулгайн ан, амьтны эд, эрхтний худалдаа гээд олон асуудал бий. Тэгээд ч баавгайгаа тоолж, судлалгүй 50 орчим жил “мартсан” улс араатан амьтныг залуу, хөгшнөөр нь, ходоодондоо хоолтой, хоолгүйгээр нь алдалгүй ялгаж таних хүртэл их зүйл болох нь ойлгомжтой.
Хүрэн баавгайн “гүйдэл” яагаад ихсэв. Үүний шалтгааныг ихэнх нь идэш тэжээлийн хомсдолтой холбон тайлбарлаж байна. Гэхдээ шинжлэх ухааны үүднээс судалж тогтоогоод, яг таг баталгаажуулсан баримт үгүй. Энэ бол таамаг төдий яриа. Баавгайн тоо толгой тодорхой бус байгаагийн адил тэдний амьдрах орчинд ямар бэрхшээл тулгамдаж буй, суурьшлын бүс рүү яагаад олноороо дайрах болов гэдэг нь ч хариултгүй. МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн биологийн тэнхимийн багш, хөхтөн судлаач Н.Батсайхан, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн судлаач, доктор Б.Лхагвасүрэн агсан, “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн С.Дамдинсүрэн гээд манай улсын тэргүүлэх судлаачид баавгайн амьдрах орчин, тархац нутаг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дарамт, нөлөөнд автаж, жилээс жилд хумигдаж байгааг эртнээс хөндөж, анхааруулж ирсэн. Гэхдээ энэ нь мөн л судалгаагаар батлагдаагүй дүгнэлт. Учир нь манай улс “хөвчийн бор”-оо судалж, тоолж хүчрэхгүй байгаа. Баавгайн чиглэлээр дагнасан судлаач ч Монголд байхгүй.
Уг нь зэрлэг амьтны тоо толгойг тогтмол хянаж, зохистой түвшинд байлгаж, ашиглах, хамгаалах бодлогыг тэнцвэртэй хэрэгжүүлэх нь байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагынхны үүрэгт ажил. Даанч тэд ажлаа хийхгүй байна.
Баавгайн тоо толгой, байршил, шилжилт хөдөлгөөнийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, хянаж чадахгүй байгаа учраас л эрсдэлийг урьдчилан таамаглах, биотехникийн арга хэмжээ (зориудаар идэш тэжээл тавих) авах ажлууд ч гээгджээ. Үндсэндээ одоо үүсээд буй нөхцөл байдал нь бид өнгөрсөн хугацаанд баавгайгаа “мартсаны” балаг юм. Тэгэхээр байгаль орчны байгууллагуудын нэн түрүүнд хийх ажил нь шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийвчилсан тооллого, судалгаа болж байна.
Хүн, хөвчийн бор хоёрын дунд үүссэн зөрчлийг зохицуулах хууль тогтоомж хэр боловсронгуй, нийцтэй вэ гэсэн асуултад судлаач С.Дамдинсүрэн “Нэн түрүүнд эрх зүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Тодруулбал, зэрлэг амьтны халдлага, дайралтаас үүдэлтэй хохирлыг хэн барагдуулах вэ гэдгийг хуульд тодорхой болгох хэрэгтэй. “Амьтны тоо толгойд хяналт, зохицуулалт хийж болно” гэсэн заалт хуульд бий. Харин үүнийг хэрхэн хэрэгжүүлэх арга замыг тодорхой тусгаагүй. Төрийн захиргааны төв байгууллагынхан үүнтэй холбогдох нарийвчилсан аргачлалыг батлуулах хэрэгтэй. Мөн зэрлэг амьтны тархац, идээшил нутаг, нүүдлийн замыг чөлөөлөх ёстой. Ингэхийн тулд малчдын бэлчээрийг зааглах нь нэн чухал. Үүнтэй уялдуулан малчдын эрх, үүрэг, хариуцлагыг мөн холбогдох хуульд тусгах ажлыг байгаль орчны болон хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагынхан хамтарч хийвэл байгаль, цаашлаад амьтан хамгаалалд чухал хувь нэмэр оруулна” гэснийг энд онцгойлон дурдъя.
Н.Мишээл