Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирэх сарын зудын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Ингэхдээ газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээнд үндэслэн ган, зуншлага, 2026-2027 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулан боловсруулжээ.
Монгол орны нийт нутгийн найман хувьд мал нэн их, 18 хувьд их, 33 хувьд дунд, 24 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 16 хувьд хүндрэлгүй өвөлжихөөр байгаа аж. Үүний дотор БаянӨлгий, Увс, Ховд, Завхан, Өмнөговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Дундговийн зарим нутгаар мал их болон нэн хүндрэлтэй өвөлжиж, зудын эрсдэл нүүрлэж болзошгүйг анхаарууллаа. Иймд өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч, цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны урьдчилсан мэдээ, тухай бүрд нь шинэчлэн хүргэх зудын эрсдэлийг тооцож, авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлэн байдлаа хангахыг харьяа байгууллагууд, малчид, тээвэрчид, иргэд, олон нийтэд зөвлөлөө.
Арваннэгдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу орох төлөвтэй. Сарын эхэн болон хоёрдугаар арван хоногт дулаан өдрүүд алга цоог үргэлжлэх ч агаарын хэм огцом буурч, цочир хүйтэрч болзошгүй байна.
О.Оргилох