- Харанхуй нийгмийг гэрэлтүүлэх мэдээллийн боловсрол үгүйлэгдэж байна -
Аливаа мэдээлэлд итгэх, эсэх нь тухайн хүний асуудал мэт боловч үнэн, худлыг нь ялгах чадваргүй иргэд олшрох тусам бидний үнэт зүйл, ардчилал, хүний эрх, эрх чөлөө үгүйрэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, мэдээллийн боловсрол нь зөвхөн хуурамч мэдээ, мэдээллийг таних гэхээсээ илүүтэй хувь хүний бие даан сэтгэх, баримтад тулгуурлан шийдвэр гаргах, бусдын эрх чөлөөг хүндэтгэх, нийгэмдөрнөж буй үйл явдлуудад хариуцлагатай оролцохсуурь чадвар болдог. Гэтэл монголчууд өнөөдөр мэдээллийн асар их урсгал дунд амьдарч буй хэрнээ түүнийг ялгаж салгах ухаангүй, үнэн зөвөөр харж, үнэлэлт дүгнэлт хийх чадваргүй болтлоо доройтчихоодбайгаа нь энэ чиглэлийн боловсролгүй, мэдээллийндархлаагүйтэй холбоотой.
Тиймдээ ч бодит ба хуурамч мэдээллийн аль нь болохыг мэддэггүй, баримт, таамаг, мэргэжлийн дүгнэлт, хувийн үзэл бодол, сэтгэгдэл, сэтгүүл зүйн бүтээл, захиалгат сурталчилгаа хоорондын ялгаа заагийг ч таньж чадахгүй байгаа юм. Медиа боловсролгүйчүүд мэдээллийг нягтлан шалгаж, эргэцүүлэн бодож, харьцуулан үзэхийн оронд олон хүн хуваалцсан, өөрийнх нь итгэл үнэмшилтэй нийцсэн л бол тэр нь худал байсан ч үнэн мэтээр хүлээн авах нь элбэг аж. Ийм хүмүүс ихэвч лэн нийгмийн сүлжээнд “тааралдсан” пост бүрд бухимдаж, дараагийн бичлэгт баярлан, гурав дахь мэдээллээс цэрвэж явсаар эцэстээ яг л морь унасан толгойгүй хүн лугаа төөрч будилж эхэлдгийг судлаачид хэлж байна. Сошиал орчинд ямар сэдэв хүчтэй тархаж байна, түүнд хөтлөгдөх нь өөрийн гэсэн үзэл бодолгүй, үнэт зүйлгүйн наад захын шинж гэв. Иргэд мэдээллийг бие даан үнэлж чадахгүй бол өөрийн байр суурийг илэрхийлэхэд ч цөөнгүй бэрхшээлтэйтулгардаг аж. Ерөөс бусдын үзэл бодол, зохион байгуулалттай, зориуд тараасан мэдээллийн нөлөөгөөр шийдвэр гаргадаг нийгэмд хариуцлага, үнэт зүйл, ардчилал гээч зүйл аажмаар баларч бүдгэрсээр ул мөргүй болдог байна.
Тиймээс иргэдийг нийтээрээ мэдлэггүй, өөрийн үзэл бодолгүй гэж буруутгахаасаа урьтаад аливаа мэдээллийг хэрхэн ойлгон, шалгаж, үнэлэхийг системтэй зааж сургах хэрэгтэй. Үүнийг боловсролын тогтолцоогоор дамжуулан олгох ёстой бөгөөд мэдээллийн дархлаа гэдэг нь урсгал дунд төөрөхгүй байх ур чадвар болохыг МУБИСийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Б.Чинзориг хэлсэн юм. Тэрбээр “Мэдээллийн боловсролыг угтаа ерөнхий боловсролын түвшинд, тэр дундаа бага анги, бүр цэцэрлэгээс нь эхлэн олгож болдог. Бид үүнийг мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх гэх зэргээр албаны ярьж, бичиж, ойлгоод байдаг. Тэгвэл цэцэрлэгийн насныхантай тухайлбал, фото, гар зургаар дамжуулан мэдээлэл солилцож, үйл явдлуудыг нь яриулж, бие даан сэтгэх боломж олгож болно. Үүгээр хүүхдийн мэдээлэл боловсруулах, өөрийнхөөрөө ойлгож дүгнэх зэрэг анхан шатны ур чадварыг суулгаж болж байгаа биз. Гэтэл Монголд өдгөө цэцэрлэг, сургуульд бүү хэл, их, дээд сургуулийн хэмжээнд ч мэдээллийн боловсрол олгохгүй байна шүү дээ. Харин манай сургууль энэ хичээлийн жилээс сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөртөө мэдээллийн боловсролын хичээлийг албан ёсоор оруулж, I түвшний оюутнуудад зааж эхлээд байна. МУИС-ийнхан мөн манайхтай хамтраад хөтөлбөртөө уг хичээлийг тусгахаар ажиллаж буй. Хэрэгжүүлсэн нь бол ганц МУБИС л байна, одоогоор. Эл хичээлийн үндсэн агуулга нь нийгмийн сүлжээнээс мэдээ, мэдээлэл хэрхэн олж авах, бодит, үгүйг нь нягтлан шалгах, худал мэдээлэл гэж юү болох, тэдгээрийг хэрхэн таних зэргийг зааж буй” хэмээв.
Цаашлаад мэдээллийн боловсролыг их, дээд сургуулиудын сэтгүүл зүйн хөтөлбөрт заавал тусгах, улмаар мэргэжил харгалзахгүй бүх түвшинд ерөнхий эрдмийн хичээлд оруулж, сонгон судлуулах шаардлагатай гэсэн юм. Учир нь өдгөө оюутнууд үнэн, худал мэдээлэл гэж юү байдгийг ч мэдэхгүй төгсөж буй аж. МУБИС-ийнхан уг хичээлийг сэтгүүл зүйн сургалтдаа нэвтрүүлэхээс өмнө I түвшний 120 оюутныг хамруулан, тэдний долоо хоногийн цахим хэрэглээг судалжээ. Ингэхдээ өөрсдөөр нь аудитор буюу мониторинг хийлгэж, хариуг нь гаргасан гэнэ. Тэгэхэд оюутнууд өдөрт дунджаар найман цагийг ухаалаг гар утас ашиглахад зарцуулдаг. Бараг бүгд шахам фэйсбүүк, инстаграмаас мэдээлэл авдгийг скрийн таймаар нь баталжээ. Өөрөөр хэлбэл, залуус мэдээллийг ихэвчлэн эл хоёр платформоос буюу нийгмийн сүлжээнээс авдаг гэсэн үг. Гүүгл зэрэг бусад хайлтын системээр мэдээллийн сайтуудын домэйн хаягийг оруулан нэвтэрсэнтохиолдол нэг ч байхгүй. Тэд нийгмийнсүлжээнээс зөвхөн сонирхсон мэдээллийнхээхолбоосоор дамжиж л мэдээлэл авдаг болохыг нь нотолсон байна. Тэгвэл мэдээллийн боловсролынхичээл орсноос хойших өнгөрсөн есөн долоо хоногийн хугацаанд мониторинг хийхэд оюутнуудын хэрэглээ бага зэрэг өөрчлөгдөж эхэлсэн гэнэ. Тэд ядаж л баталгаатай домэйн хаягаар нэвтэрч, мэдээлэл авдаг болсныг Б.Чинзориг багш олзуурхан ярилаа.
Үүнийг зориуд дурдах болсон нь мэдээллийн боловсролын хичээлийн үр дүн хэдхэн оюутанд ингэж ажиглагдсан, нийтээрээ ойрын 3-5 жилд биш юм аа гэхэд аажимдаа худал мэдээлэлд автахаа байж, шүүлтүүртэй хандан, домэйнгүй сайт, пэйжид нэвтрэхгүй, мэдээллийн дархлаатай Сошиалд сохорсон монголчууд болж эхлэх юм. Үүнийг дагаад хуурамч мэдээлэл түгээдэг цахим хуудаснууд аяндаа цөөрч, ийм аргаар голоо зогоогсод ч үгүй болох биз. Ингэсэн цагт иргэд мэдээлэл хэрэгтэй үедээ хайж олох, найдвартай, эсэхийг нь үнэлэх, өөр эх сурвалжтай харьцуулах, баримт ба үзэл бодлыг ялгах, үүндээ тулгуурлан үндэслэлтэй шийдвэр гаргах ур чадвартай болох юм. Учир нь медиа боловсрол нь мэдээ, нийтлэл, зураг, дүрс бичлэг, сурталчилгаа зэргийг хэрхэн бүтээдэг, ямар зорилгоор түгээдэг, үзэгч, уншигчдын ойлголтод хэрхэн нөлөөлдгийг таньж мэдэхэд тусалдаг.
Улмаар ардчилал гэдэг зөвхөн сонгууль явуулах, санал өгөх үйл явцаар хязгаарлагддаггүйг ойлгоно. Иргэд төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, бодлогын талаар байр сууриа илэрхийлэх, нийгмийн аливаа асуудлыг хэлэлцэх, сонголтынхоо үр дагаврыг ойлгох үйл явцын үндэс нь мэдээлэл. Харин үүнийг нягтлах, хүлээн авах чадвар сул байх тусам олон нийтийн анхаарлыг худал мэдэгдэл, зохиомол дуулиан, зориуд өдөөсөн зөрчил тэмцэл рүү чиглүүлэх аюултай. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ч медиа боловсрол чухал. Үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх нэрийдлээр хүнийг баримтгүйгээр гүтгэн, гэмт хэрэгтэн хэмээн цоллож, яллан, хувийн мэдээллийг нь тараадаг байж болохгүй гэсэн үг.
Олон улсад ч мэдээллийн боловсрол нь иргэдийг нэг үзэл бодолд нэгтгэх бус, харин тухайн асуудалд өөрсдийн итгэл үнэмшлээр баримтад тулгуурлан мэтгэлцэх, санал зөрсөн бол ямар ч тохиолдолд хүчирхийлэл, дайсагнал, доромжлолгүйгээр шийдвэрлэх боломжийг энэ соёл нь олгодог. Тиймдээ ч улс орнууд медиа боловсролыг бүх насныханд олговол зохих мэдлэгт хамаатуулан, боловсролын тогтолцоондоо шингээсээр иржээ. Финланд улс эл ойлголтыг цэцэрлэгээс нь эхлэн суулгаж, ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн түвшинд зөвхөн сэтгүүл зүйгээр хязгаарлахгүй хэл, уран зохиол, нийгмийн ухаан, урлаг болон бусад хичээлийн агуулгатай уялдуулан заадаг байна. Хүүхдүүд текстэн мэдээллийг уншиж ойлгохоос гадна зураг, бичлэг, график, тоон үзүүлэлтийг хүртэл өөрсдийнхөөрөө тайлбарлаж, мэдээлэл бүтээхэд оролцдог. Өөрөөр хэлбэл, мэдээллийн боловсролыг хүүхэд бүрийн эзэмшвэл зохих чадвар болгон хөгжүүлдэг.
НҮБ-аас медиа боловсролыг бүх шатны албан болон албан бус боловсролд нэвтрүүлэхийг улс орнуудад уриалах болсон. Австраличууд хүүхдүүдээ мэдээлэл хүлээн авагч төдийгүй бүтээгчийн хувиар сургаж хэвшжээ. Бид ч эдгээр жишгээс суралцаж, өөрсдийн нийгмийн нөхцөл, хүүхэд, залуусын цахим хэрэглээ, хэл, соёл, боловсролын боломжид нийцсэн хөтөлбөр, тогтолцоотой болох нь зүйтэй юм.