Дэлхийн хулангийн популяцын 80 орчим хувь нь Монгол оронд нутагладаг боловч эл амьтны амьдрах орчинд тулгамдаж буй бэрхшээл, тэр дундаа үхэл хорогдлыг тогтоох судалгаа, мониторингийг манай улс тогтмол хийдэггүй аж. Иймд говийн уудам нутаг дэвсгэрт жилд хэчнээн хулан, ямар шалтгаанаар хорогдож байгааг тэр бүр хянаж чаддаггүй гэнэ. Үүнтэй холбогдуулан Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн “Sky rangers” төслийн хүрээнд тас шувууны шилжилт хөдөлгөөн, зан авирын мэдээллийг ашиглан хулангийн хорогдлын шалтгааныг судалж эхэлжээ.
Тас шувуу сэг зэмээр хооллодог тул тэдний зан төрх, бөөгнөрөл зэргийг ажигласнаар үхсэн зэрлэг амьтдыг хугацаа алдалгүй илрүүлэх боломжтой. Ингэснээр тухайн амьтан юунаас болж үхсэн (өвчин, байгалийн хатуу ширүүн нөхцөл, ус, хоол тэжээлийн хомсдол, хууль бус агнуур гэх мэт)-ийг үнэн зөв тогтоож, тэдэнд тулгарч буй аюул заналхийллийг бодитоор үнэлэхэд чухал нөлөөтэй аж. Тиймээс судлаачид байгаль дээрх хамгийн сайн цэвэрлэгч амьтан гэгддэг тас шувууг ашиглан шинэ төрлийн судалгаа хийж эхэлсэн байна.
Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн “Үхсэн амьтдыг шуурхай илрүүлж, хорогдлын шалтгааныг нь тогтоож чадахгүй бол тэдэнд тулгамдсан аюул эрсдэлийг илрүүлэх боломжгүй” гэв.
Ж.Сувд