
- Шинжлэх ухааны нэрээр луйварчид хэтэвчээ түнтийлгэж байна –
ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Товуугийн Батсүхийг эрх мэдэл албан тушаалаа урвуулсан, их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт сэжиглэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж буй талаар бид өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн билээ. Гэвч өдий болтол уг хэргийг хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм.
Т.Батсүхэд холбогдох хэргийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаад харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн аж. Албан тушаалаа ашиглаж, тус хүрээлэнгээс хэрэгжүүлсэн хэд хэдэн төслийн хөрөнгөнөөс завшсан, хүрээлэнгийнхээ орон нутгийн салбаруудад данстай малыг хувьдаа авч ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр буруутган шалгаж буйг тухайн үед прокурорууд мэдээлж байв.
УИХ-ын дарга асан З.Энхболдын танил тал, садангийн хүн гэж яригддаг Т.Батсүхийн хэргийг яаж шийдвэрлэснийг прокурорын байгууллагынхнаас тодруулахад “Мөрдөн байцааж дуусаад удахгүй яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхээр болж байгаа” гэсэн юм. Эрдэм шинжилгээний ажлын нэр барьж, Шинжлэх ухаан технологийн сангаар дамжуулан төсөл бичиж, хувьдаа завшсан хэрэгт шалгуулан, албан тушаалаас нь түдгэлзүүлэх санал хүртэл гаргачихаад байхад ХААИС, түүний захирал Т.Хэрүүга нь арга хэмжээ тооцож чадахгүй байгаа нь хачирхалтай.
Хуулийн байгууллагын баттай эх сурвалжуудаас ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх чухам ямар хэрэг өдүүлж, хэчнээн хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан байж болзошгүй талаар мэдээлэл олж авлаа. Тэрбээр тус хүрээлэнгийн захирлаар томилогдмогцоо л идэж, уух, завшиж үрэгдүүлэх ажлаа эхэлсэн гэхэд хилсдэхгүй нь.
Тухайлбал, 2013 оны арванхоёрдугаар сарын 6-нд 06/2013 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь 150 га атаршсан газрыг хаших даалгавар гаргаж, үүний хүрээнд хашааны 14000 шонг 48.510.000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын “...батлагдсан журам, заавар, аргачлалыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зорилгоор үнэлгээний хороо байгуулах, тендер шалгаруулж, гэрээ байгуулахад мөрдөж ажиллахыг бүх шатны захиалагч нарт даалгасугай” гэсэн заалтыг зөрчжээ.
ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Батсүхэд дээрх хууль, сайдын тушаал огт хамаагүй бололтой. Удаа дараа хууль зөрчин мөнгө завшсан нь тогтоогдож буй гэнэ. Үүндээ жолооч, хол, ойрын садан төрлийнхөө хүмүүсийг ч татан оролцуулсан байгаа юм.
Нэгэн баримт жишээ болгоход жолооч Н.Тамирынхаа эхнэр Т.Энхжаргалын байгуулсан “Ирмүүнбуянт ундарга” компанийн бичиг баримтыг ашиглан 2014 оны арваннэгдүгээр сард эрдэс, долооц хийхэд шаардлагатай 200 тн давс нийлүүлэх 40, нэг болон олон наст ургамлын үр худалдан авах 56.3 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, санхүүжилтийг нь гаргуулан авчээ. Мөн жолоочийнхоо дүүгийн байгуулсан “Хонхтон арслан”, эхнэр З.Алтанзагасын дүү З.Пүрэвсүрэнгийн байгуулсан “Алпаслан” компанийн бичиг баримтыг ашиглаж 48 саяас дээш төгрөгийн үнийн дүнтэй бараа авах гэрээ байгуулан, шилжүүлэн завшсан үйлдэл ил болж буй гэнэ.
Эдгээрээс гадна төрсөн ах Т.Баттулгын байгуулсан “Эйч Ти Эн”, түүний эхнэр Д.Гандолгор, эгч Д.Уранчимэг, түүний охин Г.Номин нарын байгуулсан “Даймонд жем”, ахынхаа хадам эгчийн хүргэний “Онолт консалтинг”, бэр эгч Д.Гандолгорын байгуулсан ТТГБ компанийн дансаар 9.7-48.1 сая хүртэлх төгрөг шилжүүлэн авсан хэрэгт буруутгагдаж байгаа аж. Ингэхдээ дээр дурдсан Хархорины атаршсан газрын хөрсийг сэргээх бэлдмэл нийлүүлэх, ургамлын өсөлтийг идэвхжүүлэх “Биосил” гэх бүтээгдэхүүн авах, талбай хагалах, сийрүүлэх, хор цацаж, услалт хийх зэрэг ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгаа шинжилгээний ажлын нэрийг барьжээ.
Мөрдөн байцаалтаар энэ мэт баримтууд цугларсан бол өдгөө ямар ч хүн ажиллуулаагүй атлаа хоёр хүнд цалин бичиж мөнгийг нь хэн нэгний данс руу шилжүүлэн авч буй тухай мэдээлэл ч прокурор, мөрдөгчдөд ирсний дагуу үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Нягтлан бодогч Мөнхтуяа, нярав Наранцэцэг нарыг ч холбоотой байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн гэнэ. Бид Шинжлэх ухаан технологийн сангаар дамжуулан хэчнээн төгрөгийн хөрөнгө завшсан талаар үргэлжлүүлэн эрэн сурвалжилж уншигчдадаа хүргэх болно.