Үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарыг энэ сарын 1-нд цахимаар худалдаж, тэр даруйдаа дууссан. Гэтэл цахим орчинд хүмүүс хуурамчаар үйлдэж бусдад худалдан залилах, хэт өндөр үнээр борлуулах явдал гарч буй. Цагдаагийн байгууллага үүнтэй холбоотой гэмт хэргийн гурав, зөрчлийн 10 үйлдлийг бүртгэн шалгаж, “шаг”-ийн үнээр борлуулахыг завдсан 49 ширхэг тасалбарыг хураан аваад буй аж. Залилагчид “Наадмын тасалбар зарна”, “Интернэтээр билет захиалж өгнө”, “Цөөхөн тасалбар байна, яаралтай авах нь холбогдоорой” гэх мэт зар цахим орчинд байршуулж, иргэдээс урьдчилгаа мөнгө авч залилан мэхэлж буй тохиолдол ч гарсан гэнэ. Мөн Үндэсний их баяр наадмын тасалбарыг үндсэн үнээс нь 3-4 дахин өсгөж, 450-650 мянган төгрөгөөр борлуулсан явдал ч бий аж.
Тиймээс цахим орчинд хууль бусаар, өндөр үнээр тасалбар зарж борлуулах, хуурамчаар үйлдэх зэрэг гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохгүйн тулд мэдээллээ нягтлах, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас санууллаа.
Ташрамд дурдахад, энэ оны эхний хагас жилийн байдлаар залилах гэмт хэрэг 9648 бүртгэгдсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 0.5 хувиар буурчээ. Уг гэмт хэргийн дийлэнхийг цахим орчин ашиглан үйлдэж буй билээ.