
Нийслэлд цэцэрлэгийн хүрэлцээ тааруугаас цөөнгүй хүүхэд гэртээ хүмүүжиж буй. Цэцэрлэг хүрэлцэхгүй байхад арай ядан үйл ажиллагаа явуулж буй заримынх нь барилга байшинг “дээрэмдэх” тохиолдол гарсаар байна. Тодруулбал, Баянгол дүүргийн II хорооны нутаг дахь 66 дугаар цэцэрлэгийн барилгын гуравдугаар давхрыг 2002 онд нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолоор Монгол бизнес дээд сургууль (одоогийн нэршил нь Монгол, Хятадын хамтарсан олон улсын дээд сургууль)-д шилжүүлсэн байна.
Өдгөө цэцэрлэгийн гуравдугаар давхрыг тус сургуулийнхан оюутны дотуур байр болгон ашиглаж буй. Үүнээс болж 66 дугаар цэцэрлэгийнхэн нэлээд хүнд нөхцөлд ажиллаж буйгаа хэллээ.
Энэ талаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Одгэрэл “Дээд давхрын оюутны байрны шүршүүр чанарын шаардлага хангадаггүй учраас хоёрдугаар давхар руу буюу хүүхдүүдийн дээрээс ус гоождог. Хүүхдүүд унтах цагаар чимээ шуугиан ихтэй. Оюутнууд архидан согтуурахаас гадна тамхи татаж, шил лааз, тамхины ишээ хаа сайгүй хаядаг. Энэ нь хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлж байна” гэж ярилаа.
Харин Монгол, Хятадын хамтарсан олон улсын дээд сургуулийн удирдлага “Өмчилж авсан газартаа ямар үйл ажиллагаа явуулах нь бидний хэрэг” гээд тоосон ч үгүй. Дотуур байранд одоогоор солилцоогоор ирсэн гадаадын 32 оюутан, гурван монгол оюутан суудаг аж.
Гурван давхар, 480 хүүхдийн багтаамжтай тус цэцэрлэгийг 1972 онд ашиглалтад оруулжээ. Өдгөө зургаан бүлэг, 361 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгт орж чадаагүй хүүхэд Баянгол дүүргийн II хороонд 830 бий гэнэ. Уг нь 66 дугаар цэцэрлэгийнхэн бүрэн хүчин чадлаараа ажиллавал нэмээд 120 хүүхэд авах боломжтой.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатараас нөхцөл байдал яагаад ийм түвшинд хүрсэн болон цэцэрлэгийн барилгыг оюутнуудаас чөлөөлж болох, эсэхийг тодруулахад “2002 онд ямар зүйл заалтаар цэцэрлэгийн барилгын нэг хэсгийг хувийн хэвшилд шилжүүлснийг мэдэхгүй байна. Иргэний хуулийн 105-д иргэн 10 жил болон түүнээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулсан газраа өмчлүүлэх хүсэлт гаргавал түүнд давуу эрхээр худалдан өмчлүүлж болно гэж заасан байдаг. Үүний дагуу шилжүүлсэн байх. Тухайн цэцэрлэгийн гуравдугаар давхрыг өмчлүүлээд хэдийнэ 15 жил өнгөрчихсөн учир чөлөөлүүлэх асуудлыг цаад хоёр байгууллага тохиролцох эсвэл хуулийн холбогдох байгууллагаар шийдүүлж болно” гэсэн юм.