
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах 92 дугаар цэцэрлэгт бүүрэг байна гэсэн мэдээлэл Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-д иржээ. Үүний дагуу тус төвийн мэргэжилтнүүд цэцэрлэгийн анги, хувцас солих өрөө, угаалтуур орчмоос найман ширхэг бүүрэг цуглуулж Шимэгч судлалын лабораторид ямар төрөл, зүйл болохыг нь шинжилжээ.
Тэдгээр нь ctenocephalides төрлийн ctenocephalides canis зүйлийн бүүрэг байсан бөгөөд энэ нь чичүүл, алаг даахай зэрэг жижиг мэрэгч болон нохой, муур, мөн хүнд шимэгчлэн амьдардаг аж. Тухайн цэцэрлэгийн доор байрлах хонгил нь мэрэгч амьтан орж, гарах нүх, дулаан орчинтой учраас нохой, муур орогнох тааламжтай нөхцөл болжээ.
Тэдгээр амьтан нь бохир усны болон дулааны шугам сүлжээгээр дамжиж, хүүхдүүдийн анги танхимд бүүрэг тараасан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс ЗӨСҮТ-өөс хүүхдүүдийн цагаан хэрэглэл, дэр, зөөлөн тоглоом зэргийг сайтар угаах, ариутгах, орны матрас, гудас, хөнжил, шалны хивс, хивсэнцэр зэргийг саваагаар сайтар гөвж, наранд тавих, бүх өрөө тасалгааг халдваргүйтгэлийн уусмалаар угааж, цэвэрлэх, дулааны шугамын хэсгийн хана, шаланд гарсан нүх, зай завсрыг битүүлж, хуурай байлгах, мэрэгч амьтдын шимэгч болох бөөс, бүүрэгт хазуулсан тохиолдолд харьяа эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөжээ.