
Казахстаны хөрөнгө оруулалттай “Скиф сак” компанийнхан хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүний шошгыг өөрчлөн худалдаж байсныг нийслэлийн МХГ-ынхан өчигдөр илрүүлэв. Тус компани нь 2014 оноос Казахстаны “Рахат” үйлдвэрийн албан ёсны гэрээт борлуулагч болж, 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн оруулж ирэх болжээ.
Гэвч стандартын шаардлагад нийцээгүй агуулахад бүтээгдэхүүнээ хадгалж, өрмөнцөр, чихэр, шоколад, зефир зэрэг хугацаа дууссан бүтээгдэхүүний хаяг, шошгыг нь зориудаар өөрчлөн, хайрцаг дээрх он, сарыг нь засаад худалдаж байсан аж.
Нийслэлийн МХГ-ынхнаас зөрчлийн талаар лавлахад “45 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг битүүмжилж, лацадлаа. Ойролцоогоор 30 орчим сая төгрөгийн өртөгтэй бүтээгдэхүүний хаяг, шошгыг өөрчилсөн байсан. Маргааш (өнөөдөр)-наас зөрчилтэй бүтээгдэхүүнийг устгана” гэв.



