
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өнгөрсөн бямба гаригт яамныхаа харьяа газруудын дарга нартай цаг үеийн асуудлаар шуурхай хуралдлаа. “Бидний нэн тэргүүнд хийх ёстой ажил бол өвөлжилтийн бэлтгэлийг яаралтай хангах. Арваннэгдүгээр сар гарах гэж байхад өвөлжилтийн бэлтгэл ажил 50 хувьтай байж таарахгүй. ОХУ-аас өвс, тэжээл худалдан авах ажлыг шуурхайлах хэрэгтэй. Тулгамдаж байгаа асуудал байвал шат шатандаа ярилцаж, шийдвэрлэн ажлаа эрчимжүүл” хэмээн хурлын эхэнд сайд хэлсэн юм.
Одоогийн байдлаар малчид 744.2 мянган тонн өвс, 1078 тонн сүрэл, 6327.9 тонн ногоон, 6747 тонн үйлдвэрийн, 28.6 мянган тонн гар тэжээл, 425 тонн дарш, 38.7 мянган тонн давс, хужир бэлтгээд байгаа нь дөнгөж 53 хувь гэсэн үг аж.
Тэгвэл Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн ч одоогоор өвс 46.6, тэжээлийн бэлтгэл 22.4 хувьтай байна.