
Завхан аймгийн Отгон сумын нутаг, төрийн тахилгат Отгонтэнгэр хайрхан руу гарсан, сайн дурын уулчдаас 10 нь нурангид дарагдаж, амиа алдсан байсныг өчигдөр 15.40 цагийн үед олж, цогцсыг буулгах ажиллагаа хийж буй талаараа 18.00 цагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан нар мэдээллээ.
Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 уулчин эл хайрхныг зорьсон бөгөөд Бадархундага нуур талаас нь авирсан аж. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр, 3752 м-ээс дээш мөнх цастай. Уулын бэлээс оргил өөд алхахад найман цаг зарцуулдаг гэдгийг өмнө нь гарч байсан хүмүүс хэлж буй. Үүний зэрэгцээ хүйтний ам наашилж, зарим нутгаар цас орсон билээ. Тиймээс Хангайн нурууны ноён оргил ч цасан бүрхүүлээр хучигдаад байгаа юм.
Газар дээр нь ажиллаж буй эх сурвалжийн мэдээлснээр ууланд нэлээд хүйтэн, салхи шуургатай байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа явуулахад бэрхшээлтэй буй аж. Тиймээс аврагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 17.00 цагт тэднийг буулгахаар шийдвэрлэсэн аж. Аврагчид богино долгионы станцаараа 10 хүний цогцсыг олсон цаг минутаа мэдээлээд, дамнуургаар зөөж буулгахаар болсон аж.
Цогцос нь олдсон 10 хүний гурав нь эмэгтэй гэнэ. Үүнийг ОБЕГ-т сансрын холбооны “Иридиум” утсаар дамжуулан мэдээлжээ. Эрлийн баг өчигдөр 11.30 цагийн үед гурван уулчны цогцсыг хайрхны зүүн урд талаас, далайн түвшнээс дээш 3200 м-ээс, 13.07 цагт дөрөв дэх хүний цогцсыг олжээ. Дараа нь дээр өгүүлсэн гурван хүний цогцсыг 3450 м-ийн өндрөөс олсон юм байна.
.jpg)
ХОРИГЛОСООР АТАЛ ЗӨРЧИН АВИРСНЫГ БОАЖ-ЫН САЙД МЭДЭЭЛЭВ
Отгонтэнгэр хайрхныг зорьсон 27 уулчнаас 17- 19 нь сураггүй болсон тухай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга тэргүүтнүүдэд уржигдар мэдэгдсэн бөгөөд өчигдөр өглөө 09.00 цагт Улсын онцгой комисс хуралдаж, үүссэн нөхцөл байдлыг хэлэлцсэн юм.
Сураггүй болсон хүмүүсийн дунд таван эмэгтэй, нэг гэр бүлийн дөрвөн хүн байгааг энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал тодотгосон. Эрэн хайх, аврах баг өнгөрсөн ням гаригийн 20.00 цагийн үед Завхан аймгийн Отгон суманд, уулын бэлд өвөлжиж буй байгаль хамгаалагчийнд очжээ.
Оройтсон учраас өчигдөр өглөө 06.05 цагт газар орны нөхцөл байдлыг судлахаар таван аврагч, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй мэргэжлийн гурван уулчны хамт нисдэг тэрэгнээс олсоор дамжин буусан гэдгийг орон нутагт ажиллаж буй эх сурвалж мэдээлсэн. Харин Онцгой комиссын хурлын үеэр 08.30 цагт есөн хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар баг Отгонтэнгэр рүү авирч эхэлснийг хэлсэн юм.
Отгонтэнгэр хайрхныг зорьсон 27 уулчин энэ сарын 21-нд уулын бэлд очсон бөгөөд өвөр хэсгийн байгаль хамгаалагч Ш.Батмэнд “Отгонтэнгэр хайрханд авирах боломжгүй. 2015 онд БОАЖ-ын сайдын тушаал гарч, авирахыг хориглосон” гэдгийг хэлжээ. Дээрх уулчид ямар нэг зөвшөөрөлгүйгээр тэнд очсоныг ч энэ үеэр онцолсон. Монгол Улсад ууланд авирдаг 20 гаруй бүлэг байдгаас 10 гаруй нь албан ёсны бүртгэлтэй.
Харин энэ авиралтад “Хоризон”, “Хамтдаа алхацгаая”, “Оргил өөд”, “Хайрхан”, “Ди Си Ай хайкинг”, “Скай райнинг”, “Сонирхогчийн клуб”-ийн уулчид багтжээ. Тэднийг Уулын клубүүдийн холбооны уулчин, Сэнгүү нэрээрээ уулчдын дунд алдаршсан Н.Сүрэнжав тэргүүлсэн бөгөөд сураггүй бологсдын дунд түүний нэр ч байгаа юм.
АМИА АЛДСАН ХҮМҮҮС БАЙЖ БОЛЗОШГҮЙГ ДУУДЛАГА ИРСЭН ДАРУЙД ТААМАГЛАЖЭЭ
Цагдаагийн байгууллагынхан ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөрийн удирдлага доор Отгонтэнгэрийн бэлд отог байгуулан хамгаалалт зохион байгуулан ажиллаж буй бөгөөд амьд үлдсэн 10 хүнээс тайлбар, мэдүүлэг авч, талийгаач нарын ар гэрийнхнээр нь цогцсыг таниулах арга хэмжээ авч буй гэнэ. 17 уулчин сураггүй алга болсон тухай мэдээлэл авсан даруйд тийш зорьсон 27 уулчны ар гэрийнхэн энэ сарын 22-ны үдэш Завхан аймгийг зорьсон юм билээ.
Мөн хэргийн газрыг хамгаалж цагдаа нар ууланд хоножээ. Завхан аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэнд дээрх 10 хүн “Энэ сарын 18-нд Улаанбаатар хотоос гарч, замдаа Баянхонгорт машин нь эвдэрч саатан, 21-нд Отгонтэнгэр хайрхны бэлд ирээд тэр өдрийнхөө 16.30 цагт авирахаар явсан.
Буцахдаа анх гарсан газар руугаа бус, зүүн өмнө тал руу нь хад асга, цас ихтэй хэсэг рүү буусан. Гэтэл өмнө 50 орчим м-ийн зайд явсан хүмүүс гэнэт цас цөмөрч, ангал руу унасан. Тэгээд юу ч харагдахгүй цагаан манан боссон. Бид түүнийг тогтохыг нэлээд хүлээгээд үдэш болж, тэндээ хоноод 22-ны 13.00 цагийн орчимд бууж дуудлага өгсөн” гэж мэдүүлцгээжээ.
Завхан аймгийн Цагдаа, Онцгой байдлын газрынхан ч тэр, ОБЕГ-ынхан ч гэсэн сураггүй бологсдоос нэг бус хүн амиа алдсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлж, уржигдар нисдэг тэргээр Отгонтэнгэрийг зорьсон багийнхны дунд шүүх эмнэлгийн шинжээч эмч нарыг багтаасан юм билээ. Өдгөө тэнд ГССҮТ-ийн эмч нараас гадна Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын эмч, сувилагч нар ажиллаж байна.
Осол болж, олон хүний амь үрэгдсэнтэй холбогдуулж, Завхан аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдан, Отгон суманд ажиллаж байгаа алба хаагч нарт гэр, машин, шатахуун, хүнс явуулахаар шийдвэрлэж, түүнийг нь Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга нь ахлан хүргэжээ. Тэдэн дээр нэмж, Баянхонгор, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас алба хаагчдыг татан ажиллуулж байгаа юм. Шаардлагатай тохиолдолд эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний анги, салбараас алба хаагчид, туулах чадвар сайтай техник, хэрэгсэл дайчлахаар бэлэн байдлыг нь хангаад буй гэнэ.
Б.ГАНГААМАА: ЯАГААД ЦАГ АГААР ТОГТВОРГҮЙ ҮЕД АВИРАЛТ ХИЙВ ЭЭ
Гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа өчигдөр өглөө 09.00 цагт болсон Улсын онцгой комиссын хуралд оролцсоныхоо дараа сэтгүүлчдэд “Отгонтэнгэрт Монголын уулчид авирдаг болоод 60-аад жил болж байна. 2015 оноос авиралт хийлгэхгүй байхаар журамласан гэдэг. Гэхдээ одоо зөвшөөрөлтэй, эсэх талаар ярихаасаа илүү хүмүүсээ эсэн мэнд олох нь чухал байна. Уулчид өвөр талаасаа явсан гэсэн мэдээлэл авлаа.
Нөхцөл байдлын хувьд авиралт хийх улирал биш гэдгийг хэлмээр байна. Цас сайн нягтраагүй. Тиймээс цасан нуранги үүсэх магадлал өндөр. Тэд сураггүй болсноос хойш хоёр хонолоо. Оргилд гарсан хугацаа 16.40 цаг гэдэг их оройтсон гэсэн үг. Нэг зүйлд их харамсаж байна. Яах гэж олуулаа нэг олсонд орж явав даа. Яагаад цаг агаар тогтворгүй үед авиралт хийв ээ. Цас аль тал руугаа нурсныг мэдэхгүй. Хавцал руу нурсан бол аюултай. Бэртэж гэмтсэн байлаа гэхэд бие биенээ чирээд явахад хэцүү. Цасан нурангийг тооцоолох боломжгүй, тэр хүнийг ч буруутгаж чадахгүй” гэж ярьсан юм.
Осолд орж, сураггүй болсон уулчдаа эрэн хайх аврах ажиллагаанд Гавьяат тамирчин Г.Өсөхбаяраас гадна Баян-Өлгий, Ховд аймгаас уулчид нэгдэн Гавьяат тамирчин Т.Гүррагчаагийн удирдлагад, Орхон аймгаас Бат-Эрдэнээр ахлуулсан уулчид оролцохоор нэгдсэн гэх мэдээлэл ч буй юм. Ослын газарт ажиллаж буй эх сурвалжуудын мэдээлснээр олс нь тасарсан, цогцсууд нэлээд хол зайтай байсан. Худрагатайгаа төмөр гогцоогоор бэхэлсэн нэлээд бүдүүн олс яагаад тасарсан бэ гэдэг нь гайхаш төрүүлж байна. Өндрөөс унасан болоод ч тэр үү, зарим нь хэн болох нь танигдахгүй байна гэсэн юм.
Онцгой комиссын хурлын дараа Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЦЕГ-ын дарга, хурандаа Ө.Энхтөр зэрэг албаны хүмүүс Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн өөр нэг нисдэг тэргээр Завханыг зорьсон юм.
ЦАГ АГААР ТОГТУУН БАЙВАЛ АВРАГЧИД 06.00 ЦАГТ ХАЙХ АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг өчигдөр 18.00 цагт мэдээлэл хийхдээ “Аврагчид, эрлийн багийнхны аюулгүй байдлыг хангах үүднээс 17.00 цагт харуй бүрий болохоос урьтаж уулнаас буулгасан. Өнөөдөр (өчигдөр) өглөө хайх, аврах ажиллагаа 06.20 цагт эхэлсэн юм. Цаг агаар тогтуун байвал маргааш (өнөөдөр) өглөө 06.00 цагт эрлийг үргэлжлүүлэхээр болсон” хэмээн мэдээлсэн.
Энэ үед Отгонтэнгэрийг зорьсон уулчдын ар гэрийнхэн ОБЕГ-т ирсэн бөгөөд тэд “Ослын зургийг цахим мэдээллийн хэрэгслээр цацаж буй нь буруу” гэж байсан юм. Харин хурандаа Ц.Ганзориг “Нэр бүхий цахим мэдээллийн хэрэгслийнхэн энэ асуудалд ёс зүйтэй хандмаар байна. Гималайд осолдсон уулчдын зургийг тавиад, бүх хүн амь үрэгдсэн гэсэн утгатай мэдээлэл цацаж буй нь нийгэмд сөрөг ойлголт төрүүлж, айдас түгшүүрийг нэмэгдүүлж байна.
Манай цагдаа, онцгой байдлын албанаас нэг ч зураг хэвлэлд өгөөгүй. Хүмүүсийн цогцос олдлоо гэсэн мэдээллийг нарийвчлан шалгаж баталгаажуулж байж хэвлэлийн хурал хийж байгаа” гэсэн юм.
Манай сонины редакцын зүгээс амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлж, сураггүй болсон хүмүүс эсэн мэнд олдоосой хэмээн найдаж байна.