
-НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон ойн өдөр-
Хүний эрхэнд жаргахаар, өөрийн эрхээр зов. Бор гэртээ Богд, хар гэртээ хаан гэхчилэн монголчууд эрх чөлөөтэй, хараат бус амьдрахын чухлыг сургаж ирсэн. Тийм ч учраас өвөг дээдэс минь тусгаар улс байхын төлөө тэмцсэн. Энэ л шалтгааны улмаас НҮБ-ын гишүүн болж, олон улсад Монгол Улсаа улам тодруулан, тамгалсан. Үүний ачаар бид өнөөдөр дураараа “тонгочиж” буй.
56 жилийн тэртээх энэ өдөр буюу аравдугаар сарын 27-нд Монгол Улс Нэгдсэн үндэстний байгууллагын бүрэн эрхт гишүүн болсныг монголчууд бид төрсөн өдөр шигээ санаж, мэдэрч байх учиртай. Монгол бол аль нэг оронд эрхшээхгүй, өөрийн төртэй, нутаг дэвсгэр, хил хязгаар, тусгаар тогтнолтой, бие даасан улс мөн гэдгээ дэлхий даяар хүлээн зөвшөөрүүлсэн өдөр учраас тийнхүү хүндэтгэлтэй хандах ёстойг үр хойчдоо үргэлж захих нь бидний үүрэг.
Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхийг олон улсын тавцанд баталгаажуулахын тулд БНМАУ-ын тухайн үеийн удирдагчид, сэхээтнүүд 1947 оноос эхлэн найман удаа хүсэлт гарган, уйгагүй тэмцсэний эцэст 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт 101 дэх гишүүн болсныг бид мартах учиргүй. НҮБ-ын танхимд суугаад энэ мэдээг сонордсон, тэр үеийн Гадаад явдлын яамны орлогч сайд Д.Цэвэгмид нулимсаа дийлээгүй гэдэг.
Тэр нулимсыг бид “хатаалгүй” хадгалах үүрэгтэйгээ огоорох учиргүй. Улсын тусгаар тогтнол хэмээх гарт баригдаж, нүдэнд үзэгддэггүй хана хэрмийг гадаадын дайснаас илүүтэй дотоодын хүчин нь устгах аюултайг цөөхөн мон голчууд үргэлж санаж яваасай.