
"Өгөх өдөр хөдөлгөөн ТББ", Лантуун дохио ТББ хамтран санаачилж охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг "Нүдээ нээ" үндэсний хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа бөгөөд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний "Өгөх өдөр" энэ жил охидын хүчирхийллийн эсрэг нүдээ нээхийг уриалж буй бөгөөд 11 сарын 1-нд тохионо. Тэд хурлын үеэр хэлэхдээ хүчирхийллийн талаар 7 хоног шуугиад өнгөрөх бус нийгмийн сэтгэлзүйг өөрчилж, хууль журам бодлогын бодит өөрчлөлт хийх, хүн хүнээ хайрлах сэтгэлийг түгээх нөлөөллийн бий болгохоор зүтгэхээр нэгдсэнээ мэдэгдэв. Нүдээ нээ зурагт нүдний голд зүрх байрлуулсан байгааг харж болно. Энэ бүх хар хэргүүд хайр дутсанаас үүдэлтэй учир зүрхээр бэлгэдсэнийг онцолж байлаа. Тэд одоогийн байдлаар гурван удаа жагсаал хийсэн бөгөөд найман удаагийн жагсаал хийхээр төлөвлөөд буй гэнэ. Энэ өдрөөс эхлэн "Нүдээ нээ" үндэсний хөдөлгөөн эрчимжэж улс орон даяар, дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчуудыг хамруулж хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна.
Хөрш айлд чинь хүчирхийлэгч байгаа бол "эр эмийн хооронд илжиг бүү жороол" гээд дуугүй өнгөрөх бус "илжиг" болж жороолоод ч хамаагүй нүдээ нээх хэрэгтэй. Антибиотик байнга хэрэглэхээр биед дасан нөлөө үзүүлдэггүй шиг гэмт хэрэгт дасан ийм хэрэг болж л байдаг юм гээд өнгөрч болохгүй. Сонсохоос ч хэцүү байдаг гэдгийг бид бүхэн мэднэ. Гэхдээ хүчирхийлэгчдэд боломж олголгүй бид та нарыг харж байгаа шүү!!! Нийгэм тэр аяараа нүдээ нээчихсэн байгаа шүү гэсэн сэтгэл зүйг бий болгох шаардлагатай байна гэж "Өгөх өдөр"-ийн санаачлагч Б.Баярсайхан онцлов.

Лантуун дохио ТББ-н тэргүүн Ч.Ганжавхлан санаачилсан ажлуудаа тайлагналаа. Тэрээр хэлэхдээ:
Нүдээ Нээ тэмдэглэгээг худалдан авч өөрийн хамааралтай аль нэг газарт байрлуулсан хувь хүн байгууллагууд нь доорх амлалтыг хүүхдэд өгч байгаа юм. Таны худалдан авсан стикерний үнэ хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн эмчилгээ болон хуульчийн зөвлөгөөнд зарцуулагдахаар шилэн дансанд хуримтлагдах болно.
Хувь хүн, албан байгууллага 3 амлалт
1. Би нүдээ нээснээр ямар ч үед, аль ч тохиолдолд хүүхдэд туслахад бэлэн гэдгээ илэрхийлж байна
2. Би нүдээ нээснээр хүүхдийн хүчирхийлэл, эрх зөрчигдсөн тохиолдолтой таарвал сохор хүн мэт зөрөх биш 108 утсанд дуудлага өгч мэдэгдэх, 102 107 утсанд мэдээллэх болно.
3. Би нүдээ нээснээр сайн аав, сайн хөрш, сайн ах эгч байхыг хүмүүст уриалж нэг ч гэсэн хүнд энэ талаар нөлөөлөх болно.
Жолооч тээврийн хэрэгсэл 3 амлалт
1. Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж суудлын бүсээ зүүх, бас тээвэрлэж яваа хүүхдээ суудлын бүсийг нь зүүлгэх болно
2. Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж хүүхдийг хүндэлж гарцан дээр тэднийг түрүүлж гаргах болно
3. Би бол нүдээ нээсэн жолооч тийм учраас би үргэлж шаардлагагүй тохиолдолд дуут дохиог хэрэглэхгүй байхыг хичээж, авто хөдөлгөөнд соёлтой оролцох болно
Нүдээ нээсэн зочид буудлын 3 амлалт
1. Манайх бол нүдээ нээсэн зочид буудал тийм учраас бид бага насны хүүхэд зочид буудалд орж ирсэн тохиолдолд түүний бичиг баримтат, хууль ёсны харгалзагчийг заавал шалгаж сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаад мэдэгдэх болно
2. Манайх бол нүдээнээсэн зочид буудал тийм учраас бид үргэлж зочид буудалдаа хяналтын камерыг 24 цагаар ажиллуулж хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх болно
3. Манайх бол нүдээнээсэн зочид буудал тийм учраас бид бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, бэлгийн мөлжлөг гулгаа массаж, архи согтууруулах ундаа мансуурах бодис хэрэглэхийн эсрэг тэмцэх болно.
Эдгээр газруудтай гурван талт амлалтад хүрснээр бид хүчирхийлэл гарахаас бага ч гэсэн урьдчилсан сэргийлэх боломжтой болно гэж найдаж байна.