
Шинэ Засгийн газрын анхны томилгоонуудын нэг бол ЦЕГ-ын даргыг өөрчлөх шийдвэр байсан. Түүний дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “ТЕГ-ын дарга, хошууч генерал Б.Хурцыг солих асуудлыг Засгийн газарт оруулна” гэж мэдэгдсэн билээ. Энэ мэдээллийн дараа ТЕГ-ын шинэ дарга нь хэн болох вэ гэсэн хүлээлт, тэр болох гэнэ гэсэн “бор шувуу” энд тэндгүй нисэж эхлэв.
Өчигдөр л гэхэд БХЯ-ны газрын даргаар ажиллаж буй, бригадын генерал Г.Сайханбаярыг томилуулахаар болж, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг нь АТГ-т хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдсан юм. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй найз, цэргийн сургуульд хамт сурч байсан учраас уг албан тушаалд очиж магадгүй гэж үзэх хүмүүс бий. Бас ЗХЖШ-ын дарга болох магадлалтай хүний тоонд ч оруулдаг. Гэхдээ түүнийг Зэвсэгт хүчний алба хаагчдад зориулсан орон сууцнуудаас хэд хэдэн байр авсан гэж офицер ахлагч нар нь ам муутай, бас болоогүй тендер будлиантуулсантай холбоотой байж болзошгүй гэх хэрэгт тэрбээр АТГ-т өнгөрсөн зун шалгуулж байсан билээ. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх хүн олон байна. Түүнээс гадна ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх, тус газрын дарга асан, Элчин сайд Р.Болд, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан, бригадын генерал А.Дулаанжаргал нарын нэр ч дуулдаж буй. ОХУ-д суугаа ЭСЯ-нд эрх бүхий албан тушаал хашиж байсан А.Дулаанжаргалыг гэнэт дуудан ирүүлсэн нь ТЕГ-ын даргаар томилох гэж буйтай холбоотой гэх мэдээлэл ч байгаа юм.
ТЕГ-ын даргаас гадна АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг өөрчилж, оронд нь ЦЕГ, ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан, бригадын генерал Б.Билэгт, эсвэл Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарын нэгийг томилох гэж буй тухай ч дуулдах болов. Тиймдээ ч өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын дарга асан Ч.Сангарагчааг шахаж, эцэст нь хэрэгт холбогдуулсан шиг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын үйл ажиллагааг олон нийтэд муухай харагдуулж, эцэст нь даргыг нь ажлаас чөлөөлөх аргыг ОНЗ-өөрөө дамжуулан хэрэг жүүлж байгаа гэж хардах хүмүүс бий.